Гитлерийн шүдийг шинжилсэн Францын эрдэмтэд түүнийг 1945 онд нас барсныг батлав


Москвад хадгалагдаж байдаг Адольф Гитлерийн цогцосны үлдэгдлийг шинжилсэн Францын судлаачид Нацистуудын удирдагчийг 1945 онд цианид болон бууны суманд амиа алдсан болохыг баталжээ.

“Шүдний хэлтэрхийнүүд ямар ч эргэлзээгүй жинхэнэ. Бидний судалгаа Гитлерийг 1945 онд нас барсныг баталж байна” гэж профессор Филипп Шарлер хэвлэлд ярьсан байна.

Тэр цааш нь “Одоо бид Гитлерийн тухай бүх таамаг, домог, хуйвалдааны онолуудыг зогсоож болно. Тэр Аргентин руу шумбагч онгоцоор зугтаагүй, Антарктидын нууц баазад толгой хоргодоогүй, сарны сүүдэртэй талд нуугдаагүй” гэж хэлсэн юм.

Шарлер болон бусад дөрвөн эрдэмтний хамтарсан судалгааны тайлан Баасан гарагт “European Journal of International Medicine” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Гитлер шүд муутай хүн байсан тул үлдэгдэл баримтаас хэд хэдэн хиймэл шүдний хэсэг олдсон, мөн шүднээс махны үлдэгдэл огт илрээгүй нь түүнийг цагаан хоолтон байсныг баталж байгаа гэнэ.

2017 оны гуравдугаар сард ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Алба, Архивын Газар 1946 оноос хойш анх удаа хэсэг судлаачдад Гитлерийн цогцосны үлдэгдэлд шинжилгээ хийх эрх олгожээ.

Францын эрдэмтэд Фюрерийн гавлын ясны үлдэгдлийг судлаад зүүн талд нь гарсан сумны нүхээр өөрийгөө буудсаныг тогтоосон байна.

Гэхдээ үлдэгдлээс дээж авахыг Оросын тал эрдэмтдэд зөвшөөрөөгүйг Шарлер ярьжээ.

Гитлерийн гавлын ясны бүтэц түүнийг нас барахаас нэг жилийн өмнө авсан тархины рентгэн зурагтай таарч байсан гэнэ. Ерөнхийдөө энэ судалгааны үр дүнд Адольф Гитлер 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Берлиний хоргодох байранд найз эмэгтэй Эва Брауны хамт амиа хорлосон гэгддэг түүхэн баримтыг дахин баталжээ.

Мөн урьд нь тодорхойгүй байсан нэг зүйлийг олж тогтоосон нь Гитлер амиа хорлохдоо цианид ууж, толгойдоо буудсаныг баталсан байна. Өмнө нь энэ хоёр аргын аль нэг нь хэрэглэгдсэн гэж таамаглаж байсан юм.

Шүдийг нь шинжилснээр түүнийг ам руугаа, дух руугаа, хүзүү рүүгээ буудаагүйг баталсан бол хиймэл шүдний үлдэгдэлд цианидтай урвалд орсон шинж илэрсэн байна.

Шарлер нь анагаах ухаан, антропологийн мэргэжилтэн бөгөөд 11 дүгээр зууны Английн хаан нэгдүгээр Ричард буюу “Арслан зүрхт Ричард”-ын занданшуулсан зүрхэнд шинжилгээ хийж байсан туршлагатай эрдэмтэн юм.

Эх сурвалж: AFP | https://ikon.mn/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.