“АЛДАР”-ИЙНХАН АРМИЙН ДАШТ-ЭЭС АЛТ, МӨНГӨ, 5 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ


 Чөлөөт бөхийн Армийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон эмэгтэй бөхчүүд багаараа хоёрдугаар байрт шалгарлаа.

Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд энэ сарын 15-17-нд болсон энэ тэмцээнд Дэлхийн цэргийн спортын зөвлөл (FIAS)-д багтдаг Монгол, Азербайжан, Армен, Алжир, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Герман, Грек, Иран, Казахстан, ОХУ, Колумб, Пакистан, Сири, Унгар, Финланд, Франц, Швейцарь, Эстони гэсэн 22 орны 330 гаруй тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. /Харин сонгомол бөхийн армийн ДАШТ өнөөдөр, маргааш болно./

Тус тэмцээний гурав дахь өдөр буюу лхагва гарагт эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг жингийн медалийн төлөөх барилдаан болж, манай бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д спортын мастер Э.Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмид, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг нар хүрэл медалийн эзэд боллоо. 

Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдгүүдийн дэвжээн дээр эргэн ирэлт амжилттай болж, хилийн чанадын анхны тэмцээнээсээ медаль зүүцгээж байна. С.Цэрэнчимэдийн жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд БНХАУ-ын Яныг 13:10-аар, Казахстаны Н.Аманзоловаг оноогоор цэвэр (12:0), 2013 оны Европын аварга Беларусийн Анастасья Хучокийг 6:2-оор дараалан ялсан ч Бразилийн Де Оливейрад 4:13-аар ялагдсан. Техникийн оноо тоолоход тэрбээр хүрэл медаль дээр буув.

Харин хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэг хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Г.Еркебаевад оноогоор цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Х.Маслаковаг 8:3-аар ялсан юм.

Ийнхүү Монголын армийн “Алдар” спорт хорооны тамирчид энэ удаагийн Армийн ДАШТ-ээс нэг алт, нэгмөнгө, таван хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилттай эх орондоо ирэхээр боллоо. 
 

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.