КИМ-МҮНИЙ ТҮҮХЭН УУЛЗАЛТ: СОЛОНГОСЫН ДАЙНЫ ТӨГСГӨЛ БА БУСАД ТОХИРОЛЦОО


Умард Солонгос ба Өмнөд Солонгосын удирдагчид түүхэн уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан тунхаглал гаргаж “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт түгшүүртэй байдлыг намжаахын тулд ердийн зэвсэглэлийг хорогдуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн” байна. Энэ бол баасан гарагт Панмүнжон тосгон дахь Энхтайвны ордонд болсон Ким Жөн Жүн, Мүн Жэ Ин нарын уулзалтын үеэр хийсэн гол тохиролцоо, тэдний уулзалтын гол үр дүн хэмээн дүгнэж болно.

Хоёр орны удирдагчид “Солонгосын хойгт дахин дайн дэгдэхгүй, энх тайвны шинэ эрин үе эхэлсэн” гэдгийг 80 сая солонгос үндэстэн ард иргэд болон дэлхий дахины өмнө ёслол төгөлдөр зарлан мэдэгдлээ.  Хоёр тал бие биенийхээ эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсооно гэж мэдэгдээд, энэ оны эцэс гэхэд Солонгосын дайныг дуусгах энхийн гэрээнд  гарын үсэг зурахаар тохиролцсон байна. 1953 онд хоёр Солонгос гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрээгүй учраас зарчмын хувьд өнөөдрийг хүртэлх 65 жилийн хугацаанд тус хоёр улс дайны байдалтай байсаар иржээ.  
 
Энэ удаагийн уулзалт нь хоёр Солонгосын удирдагчдын хувьд түүхэн дэх гуравдахь удаагийн дээд хэмжээний уулзалт юм. Өмнө нь, Умард Солонгосын удирдагч асан Ким Жөн Ил Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн-тэй 2000 онд, Ерөнхийлөгч асан Но Мү Хён-той 2007 онд Пхеньян хотод тус тус уулзаж байсан билээ. Энэ удаад Ким Жөн Ун хэлэлцээ хийхийн тулд хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүсээр дамжин Өмнөд Солонгосын нутагт нэвтэрчээ.  Ингэснээр тэрбээр Өмнөдийн нутагт хөл тавьсан БНАСАУ-ын анхны удирдагч боллоо.

Хоёр удирдагчийн тохиролцсоны дагуу БНАСАУ ба БНСУ-ын зэвсэгт хүчний дээд удирдлагууд 5 дугаар сарын 15-нд уулзана. Харин ирэх намар Мүн Жэ Ин Умард Солонгост айлчлахаар болсон байна. 
Түүнчлэн хоёр тал БНХАУ, АНУ-ыг оролцуулсан гурван талт болон дөрвөн талт хэлэлцээг идэвхжүүлснээр гал зогсоох тохиролцоог энхийн гэрээ болгон өөрчлөх боломжтой гэж үзжээ. Үүний тулд хуурай газар, агаар, тэнгист сөргөлдөөн дайсагналаа зогсоохоор тохиролцлоо. Хоёр Солонгосыг зааглан тусгаарлаж буй цэрэггүй бүсийг энх тайвны бүс болгох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа Ким Жөн Ун, Мүн Жэ Ин нар илэрхийлсэн байна.
 
Уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дахин пуужин хөөргөхгүй гэдгээ амлалаа. Умард Солонгосын тал ихэвчлэн үүрээр пуужингуудаа харвадаг бөгөөд цаашдаа пуужин хөөргөн туршихаа зогсоож, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийг хар үүрээр сэрээхгүй хэмээн Ким Жөн Ун хошигноод амжсаныг The New York Post сонинд онцолжээ.   
 
Хоёр улсын Улаан загалмай нийгэмлэгүүд дайны үеэр салж хагацсан ахан дүүсийг уулзуулах асуудлаарх хэлэлцээг Японы түрэмгийлэгчдээс Солонгосын хойгийг чөлөөлсөн өдөр буюу 8 дугаар сарын 15-нд сэргээхээр тохиролцлоо. 

Түүнчлэн хоёр улсыг дамнасан орчин үеийн төмөр зам, авто зам тавих, тив дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээнүүд, тухайлбал энэ онд болох Азийн спортын наадамд хоёр улс хамтдаа оролцох зэрэг асуудлаар Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар ярилцсан байна.

Өмнө нь болж байсан 2000 он болон 2007 оны дээд хэмжээний уулзалтуудын дараа гаргасан хамтарсан тунхаглалд ийм өргөн хүрээтэй асуудлуудыг тусгаж байгаагүй юм. Гэхдээ гал зогсоох тохиролцоог энхийн гэрээ болгон өөрчлөх, сонирхогч талуудыг оролцуулан гурван талт ба дөрвөн талт хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ хоёр тал илэрхийлж байв. 

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр Солонгосын уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. “Солонгосын дайны төгсгөл ирлээ! АНУ болон Америкийн аугаа их ард түмэн Солонгост болж буй үйл явдлаар бахархах учиртай. Сайхан үйл явдлууд тохиосоор л  байна, гэхдээ зөвхөн цаг хугацаа л бүхнийг харуулна” хэмээн тэрбээр твиттер хуудсандаа жиргэснийг VOA агентлагийн тоймд онцолжээ. Үүний сацуу Д.Трамп хоёр Солонгос хоорондоо хэлэлцээ хийхэд хувь нэмрээ оруулсан БНХАУ-ын дарга Ши Жинпиньд талархал илэрхийлсэн байна.



Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай болсонтой холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэл хийхдээ “Хоёр Солонгос улс төрийн маш чухал шийдвэр гаргасанд Хятад улс баяртай байна. Энэ бол даян дэлхийн энх тайвныг дэмжсэн түүхэн алхам мөн. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт урт удаан хугацаанд энх тайвныг тогтоох эхлэл боллоо” гэлээ.

Шинжээчдийн дүгнэлт ба эргэлзээ

Улс орнуудын гаргасан албан ёсны мэдэгдлүүдийг үзвэл, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт амжилттай болсонд баяр хүргэж, “Солонгосын хойгт энхтайван тогтох эхлэл тавигдлаа” хэмээн сайшааж байна. Харин шинжээчдийн хувьд асуудлыг арай өөр өнцгөөс илүү өргөн хүрээнд харж, дүгнэлтүүдээ хийх нь мэдээж. 

Тухайлбал, энэ удаагийн уулзалт бол “хүйтэн дайн”-ы үеэс улбаатай хамгийн сүүлчийн сөргөлдөөнд цэг тавих гэсэн ээлжит оролдлого гэж Америкийн VOA агентлаг дүгнэсэн байна.

Солонгосын асуудлаар мэргэшсэн Оросын шинжээч Георгий Толорая-гийн үзэж байгаагаар, Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг америкчуудын оролцоогүйгээр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Түүний хэлснээр, Ким-Мүний уулзалт бол Ким-Трампын уулзалтын өмнөх “бие халаалт” учраас хоёр Солонгосын удирдагчдын уулзалт нь гол асуудлуудыг шийдэж чадахгүй. Учир нь, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоно гэж өмнөд солонгосчууд хэчнээн хүслээ ч гэсэн тэд аюулгүй байдлын баталгааг Умард Солонгост өгч чадахгүй, иймээс уг асуудлаар Вашингтонтой тохиролцохоос өөр аргагүй. 

Сөүлийн Кукмин их сургуулийн профессор Андрей Ланьков-ын үзэж байгаагаар, энэ удаагийн уулзалт нь хоёр тал бие бие рүүгээ ойртож буйг бэлгэдэж буй үйл явдал бөгөөд уулзалтын үеэр “эрс эргэлт”-ийн шинжтэй шийдвэр гаргаагүй байна. “Цөмийн зэвсгийн асуудал бол Өмнөд Солонгос дангаараа толгой мэдэн шийдэх асуудал биш учраас тус улсын засгийн газар хэчнээн хүслээ ч гэсэн тухайн асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ч тохиролцох боломжгүй, учир нь ийм хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг зөрчсөн хэрэг болно, тиймээс Мүн Жэ Ин хоригийг зөрчихгүй нь ойлгомжтой” гэж шинжээч ярилаа.  

ВВС агентлагийн тоймчийн дүгнэснийг үзвэл, хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын гол үр дүн, ач холбогдол бол Солонгосын хойгт дэгдэж болзошгүй байсан дайны аюулыг зайлуулж чадсанд оршино. Ким-Мүний уулзалт бол үр дүнг нь урьдчилан таамаглахын аргагүй урт удаан үйл явцын ердөө эхлэл нь юм.

Удахгүй Ким Жөн Ун, Дональд Трамп хоёрын уулзалт болно. Америкийн Ерөнхийлөгчийн цочмог түргэн зан авирыг тооцож үзэх юм бол энэ уулзалтын үр дүнг урьдчилан хэлэхэд тун түвэгтэй. Энэ уулзалтаар “төгс сайн шийдвэр” гарч, АНУ-ын зүгээс БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, хоёр улс дипломат харилцаа тогтоолоо гэж бодоход үүнийг Америкийн парламент батламжлах ёстой. Гэтэл ингэж баталгаажуулах хүртэл нэлээд зай бий.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал нь хэлэлцээг үргэлжлүүлэх гол урьдчилсан нөхцөл  болж байгаа. Гэтэл Ким Жөн Ун өөрийнх нь аюулгүй байдлын цорын ганц баталгаа болох цөмийн зэвсгээс сайн дураараа татгалзах уу гэдэг нь эргэлзээтэй. Асуудлыг энэ талаасаа нь авч үзэх юм бол, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай хоёр Солонгосын удирдагчдын мэдэгдлийг асуудлыг шийдэх “замын зураг” гэж үзэх нь юу л бол, харин зүгээр л “даян дэлхийд энх тайвныг мандуулах” гэсэн хийсвэр мөрөөдөл төдийд л тооцох болов уу гэж ВВС-гийн тоймд дүгнэсэн байна.  


 
Өмнөх хоёр уулзалтын үеэр энхтайванч мэдэгдэл гаргаж байсан хэдий ч тун удалгүй гэнэтийн цочир үйл явдлууд болж, Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх итгэл найдвар хөсөр хаягдаж байсныг зарим ажиглагчид сануулан дурдлаа.  Тухайлбал, 2000 онд болсон уулзалтаас хоёр Солонгосыг энх тайвнаар нэгтгэх тухай тунхаглал баталсан бол үүнээс ердөө нэг сарын дараа Умардын удирдагч асан Ким Жөн Ил Оросын Ерөнхийлөгчид В.Путинд хандан “бид атомын бөмбөгтэй болсон” гэж хэлж байжээ. 2007 онд болсон хоёрдахь уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудал нь цөмийн зэвсэгтэй холбоотой байсан. Учир нь, 2005 онд Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болсноо зарлан мэдэгдээд, жил хагасын дараа цөмийн туршилт хийжээ. Умардын удирдагч асан Ким Жөн Ил, Өмнөдийн Ерөнхийлөгч асан Но Мү Хён нар тухайн үед цэргийн сөргөлдөөнийг зогсоох, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Умард-Өмнөдийн хооронд энхийн гэрээ байгуулахыг бие биедээ уриалж байсан билээ. Гэтэл үйл явдал 2007 оноос хойш хэрхэн өрнөснийг бүгд мэдэж байгаа.

Эдгээр бүх уриалга гуравдахь удаагийн уулзалтаас гаргасан Хамтарсан тунхаглалд тусгалаа олсныг дээр дурдсан билээ. 

Энэ удаагийн уулзалтаар хоёр Солонгосыг энх тайвнаар нэгтгэх тухай асуудал бараг хөндөгдөөгүй гэж хэлж болно. Тэгээд ч ойрын үед энэ асуудал шийдэгдэхгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Сөүл ч тэр, Пхеньян ч тэр аль аль нь ийм огцом өөрчлөлтийг хийх хүсэлгүй байгаа бололтой. Хоёр Солонгосыг нэгтгэх нь нийгмийн өөр өөр тогтолцоотой хоёр орны хувьд дэндүү том цочрол /шок/ болно гэдгийг ВВС-гийн тоймд дурдсан байна.

Хоёуланд нь хожоотой алхам

Ким Жөн Уны хувьд, Пёнчаны Олимпын наадамд тамирчдаа оролцуулж, Хятадад айлчилж, цөмийн зэвсгийн болон пуужингийн туршилт хийхээс татгалзаж, хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзсан нь олон улсын зүгээс ирж буй асар хүнд дарамт шахалтыг зөөлрүүлэх эхлэлийг тавьж чадлаа. Ингэснээр Д.Трамптай хийх хүнд хэцүү хэлэлцээний өмнө өөрийн байр суурийг бэхжүүлж чадсан нь залуу хүн гэхэд Умардын удирдагч бол мэдрэмжтэй, чадварлаг улстөрч болохыг харуулсан.
 
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид ч мөн “ашигтай” туслаа. Учир нь, уулзалт амжилттай болсноор Мүн Жэ Иний нэр хүнд өсч, түүний удирдсан баруун төвийн үзэлтнүүд 6 дугаар сарын 13-нд болох орон нутгийн сонгуульд консервативчуудыг ялах магадлал өндөр болж байгаа юм. Мүн Жэ Ин Умард Солонгостой эвлэрлийг тогтооно гэсэн уриатайгаар 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялсан билээ.   

Б.Адъяахүү

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.