Хиллари Клинтоныг В.Путин хордуулсан гэв үү


Есдүгээр сарын 11-ний дурсгалын ёслолд оролцох үеэр гэнэт бие нь муудаж, хамгаалагчдынхаа гар дээр муужрах дөхсөнөөс болж Хиллари Клинтоны тухай элдэв цуу яриа сүүлийн хэд хоногийн турш хэвлэлүүдээр тарж байна. Тэр дунд Хиллариг "орлон тоглогч" буюу өөртэйгөө ижилхэн жүжигчин бүсгүйг хөлслөн ажиллуулдаг гэсэн үнэмшил муутай цуу яриа хүртэл гарсан юм. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулийнх нь кампанит ажил ид өрнөх үеэр аргагүйн эрхэнд чөлөө аван гэртээ хэвтэхэд хүрсэн энэ явдал уг нь ердийн нэг хатгаа өвчин боловч Хиллари шиг Америкийн хамгийн топ албан тушаалд өрсөлдөж буй нэр дэвшигчийн хувьд их өндөр үнэ төлөхөд ч хүрч магадгүй нь. Учир нь, энэ явдлаас улбаалан Хиллари ер нь Ерөнхийлөгч байж чадах уу, түүний эрүүл мэнд улсынхаа хамгийн хүнд албыг хашиж хүчрэх үү гэсэн асуултыг дагууллаа.

Ерөнхийлөгчөө сонгохдоо хэвлэлүүдийн ачаар нэр дэвшигчдийг тал бүрээс нь судалдаг америкчуудын хувьд улстөрчийн эрүүл мэнд чухал асуудал. Ялангуяа Хиллари шиг 70 шүргэж яваа эмэгтэйн хувьд Ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн жилийн пянг даах уу гэдгийг сонгогчид хамгийн их сонирхож байна. Энэ боломжийг ашиглахаа Дональд Трамп ч алдсангүй. “Хиллари бүтэн цаг зогсоод ингэж ярьж чадна гэж та нар бодож байна уу. Тэр гэртээ л хэвтэж байсан нь дээр” хэмээн мэдэгдэж байх вэ.

Хилларигийн хувьд том оноо алдаж магадгүй байгаа учраас  штабаас нь түүний эрүүл мэндийн тухай мэдээллүүдийг ил гаргалаа. Хувийн эмч нь Хиллариг АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахад хангалттай эрүүл чийрэг хүн гэж тодорхойлжээ. Тэд Хиллари Клинтоны хатгаа өвчин илааршиж, бие нь дээрдэж байгааг мэдээлээд зогсохгүй өвчний түүхийг нь ч дэлгэсэн байна. Тухайлбал, түүний цусны даралт 100/70-тай, цусан дахь холестеролын хэмжээ 189 буюу хэвийн байгаа бөгөөд цусны бүлэгнэл, харшил зэрэг хууч өвчиндөө тогтмол эм уудаг гэжээ. Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээг жил бүр хийлгэдэг, цус шингэрүүлэх “Coumadin” хэмээх эм уудаг гэнэ.

 Ерөнхийдөө эрүүл чийрэг биетэй гэх Хиллари яагаад гэнэт хатгаа авч хүндрэв гэдэг ч олны анхаарал татсан сэдэв болж байна. Үүн дээр зарим нэг ургуулан бодох чадвар сайтай, нэр төр хөөцөлдөгчид ч багагүй давс хужир нэмж, шуугиан дэгдээхийг оролдож байна. Тухайлбал, Америктаа нэлээд алдартай доктор Беннет Омалу Хиллариг В.Путин хордуулсан гэдэг таамгийг ил тод дэвшүүлж, үүний мөрөөр шалгаж, цусанд нь хордлогын шинжилгээ хийх хэрэгтэй гэж уриалжээ.

Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп ОХУ болоод түүний удирдагч В.Путинд ихээхэн талтай байдаг. В.Путин ч түүнийг дэмждэг гэж ажиглагчид үздэг. Тиймээс В.Путин өөрийн дэмждэг нэр дэвшигчийг Ерөнхийлөгч болгохын тулд Хиллари Клинтоныг хордуулсан байх магадлалтай гэж тэр үзжээ.

Мэдээж Хиллари Клинтоны штабынхан энэ сэжиг таамгийг газар авахуулахгүй байхыг эрмэлзэж, нэр дэвшигч нь 10 хоногоор уух эмээ бичүүлж, эмчилгээ хийлгэж байгаа, түүний туссан хатгаа зөөлөн шинжтэй, халдваргүй хэмээн мэдээлж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.