“АЯ ЭГШГИЙН 6 ЖИГҮҮР” УЛСЫН УРАЛДААН 11 ДЭХ УДААГАА МХО-Д БОЛНО


 Монголын хүүхдийн ордонд энэ сарын 26-28-нд “Ая эгшгийн зургаан жигүүр-2018” өсвөрийн гоцлол хөгжимчдийн улсын XI уралдааныг зохион байгуулна.

Морин хуур, ятга, хуучир, шанз, ёочин, лимбэ гэсэн ардын хөгжмөөр ур чадвараа сорих энэ уралдаанд Архангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дархан-Уул, Ховд, Увс, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ болон нийслэл хотын нийт 240 гаруй хүүхдүүд оролцож гоцлол болон хамтлаг /чуулга/ төрлөөр авьяас чадвараа сорих юм.

Энэ удаагийн уралдааны онцлог нь Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойд зориулан дээр дурдсан ардын хөгжим тус бүрээр шилдэг өсвөрийн хөгжимчдийг тодруулах юм. “Ая эгшгийн зургаан жигүүр” уламжлалт уралдаанд аймаг, сум, дүүргээсээ шалгарсан өсвөрийн хөгжимчид оролцдог гэдгээрээ онцлогтой.

Мөн уралдааныг бага нас, дунд нас, ахлах нас гэсэн гурван насны ангиллаар хоёр үе шаттай зохион явуулж шилдгүүдээ шалгаруулдаг. Ардын хөгжмийн энэ удаагийн наадмын нэгдүгээр шатны уралдаанд сонгодог зохиол тоглох бол хоёрдугаар шатанд ардын дууны найруулга, хөрвүүлэг хийсэн тоглолтыг толилуулах юм.

Энэхүү улсын уралдаан нь 1998 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн ардын хөгжим сонирхогч хүүхэд багачууд, хөгжмийн багш нарт танил болсон, хүсэн хүлээдэг нэр хүндтэй наадам билээ. 

Дашрамд дуулгахад, МХО-д зохион байгуулах “Ая эгшгийн зургаан жигүүр-2018” уралдаан нь ЕБС-ийн сурагчдын амралтын өдрүүдээр болж байгаа бөгөөд энэ жилийн хувьд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.  

Д.Өлзий
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.