Боливын иргэд ажил хийдэггүй хотын даргаа ингэж шийтгэлээ


Ихэнх улс оронд үр бүтээлтэй ажил хийж чадаагүй улс төрч, төрийн албан хаагчдаа дараагийн сонгуулиар огцруулж шийтгэдэг. Тэгвэл, Боливын хойд хэсэгт орших Сан-Буэнавентура хэмээх бяцхан хотын иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу захирагч Хавьер Дельгадод бие махбодын хатуу шийтгэл оногдуулж, төрийн үйлчилгээ сэтгэлд хүрэхгүй байгааг ойлгуулжээ. Уурлаж бухимдсан иргэд хотын даргынхаа хөлийг дундад зууны эрүү шүүлтийн гэмээр модон хэрэгсэлд оруулан гацааж, тойрон эргэлдэж, зургийг нь дарсан байна.

Хавьер дарга хэдхэн хоногийн өмнө улсын болон хотын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан гүүрнийхээ нээлтийн ёслолыг хийх үеэр нутгийн иргэд бөөнөөрөө цуглаж, түүнийг хол газар аваачиж шийтгэсэн гэнэ. Тэрээр 2,6 жил хотын даргаар ажиллахдаа гурав дахь удаагаа шийтгүүлж буй нь энэ юм. “Тэд надад яагаад шийтгүүлэх болсноо олж мэдэх боломж олгоогүй. Тайлбарлаж, уучлалт гуйх ч арга байсангүй. Би бараг уламжлалт аргаар шийтгүүлсэн анхны хүн байх аа” хэмээн Хавьер “La Razon” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Хотын дарга өөрийгөө яаж зөвтгөсөн ч хийсэн ажил нь хүмүүсийн сэтгэлд хүрээгүйг энэ үйл явдал харуулав.

Боливын уугуул иргэдийн уламжлалаар хотын дарга хүн “Залхуурч болохгүй, худал ярьж болохгүй, хулгай хийж болохгүй” гэсэн үндсэн гурван зарчмыг баримталдаг ажээ. Хэрэв энэ зарчмыг зөрчвөл дээрхийн адил “олон нийтийн шийтгэл” хүлээнэ. Тус улсын хуулиар 2009 онд хөнгөн төрлийн гэмт хэрэгт ийм шийтгэл оногдуулахыг зөвшөөрсөн байдаг. Харин хүнд гэмт хэргийг шүүхээр шийтгэх нь мэдээж юм.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.