Гүрэн Улсын эх дагина


Хоргой торгоны сүрчигнээнд ноёд хатад шүлэнгэтэж

Хормой уужаа гоёмсоглон сөдтэй тогос шиг шүхэрлэж
Холын бараа харалгүй чулуун жинсэнд дарагдаж явахад
Хорвоо ертөнцийн жамыг хосгүй бясалгасан Эх дагина.
Уулсын оргил онилтол Монголын заяа намссан
Улсын сүлд соёмбо уруугаа харсан гунигт цагт
Хөвчийн Жонон бэйлийн Цэнд хиагийн охин
Хөдөөгийн буйд аглагт гэрэл нэмэн өссөн сөн.
Эмнэг хангалын хүзүүнд хуйв шидлэн хөндөлдсөн
Эрсийн харц гижигдэм энхэр танхил цэгцүүхэй
Хэний хүүгийн цээжинд нар мандааснаа мэдэлгүй
Хээнцэр салхинд туялзах цэцэг шиг дэлгэрч гийсэн сэн.
Эзэнтний өмнө бөхөлзсөн бошгот цагийн сүлдэр дор
Эрдэнийн рашаан аягалж Богд гэгээнд барихдаа
Эрдмийн дээд хутагт гэж эрхэмлэн хүндэлснээс биш
Эрвээхэй сормосны дэвэлтээр шуналын даль урлаагүй.
Төрийн тулгар багана хатан өргөмжлөлд сэнтийлж
Түмний сүсгийн сүйхээр Өргөө хотыг зорихдоо
Төрсөн нутгаа хайрлан цэцэг бүхнийг нь энхрийлж
Төгрөг сарны доор гунигийн шүүдэр мэлтрүүлсэн
Ачлалт ялгуусан дагина-Эрх цагаан дара эх
Азтай атлаа азгүй энэлэнт үйлийн үр ээ.
Анхил үрээ тэвэрч хүний зэрэгт хүргээгүй
Алаг булагхан хорвоогийн нулимст өнчин цэцэг ээ.
Нутгаа санан санан Бурхан Халдундаа залбирч
Нуган хөвүүн хүсэмжилж тавиландаа хүлэгдсэн Дондогдулам
Үр нь гэх нойтон сормууст дотоод энгэрт нь эрхлээгүй ч
Гүрэн даяар Монголын ээжээр мөнхөрсөн Улсын эх дагина аа!
 
Battsengel Lkhagvasuren хуудаснаас
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.