“БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖГИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖЭЭ


Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиолыг шинэчлэн найруулж “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгох гэж буй талаар мэдээлэл хийв. Уг жүжгийн нээлтийг маргааш УДЭТ-т хийх юм байна.

Жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураач УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан нар ажиллаж байгаа бол гол дүрд О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Ц.Аззаяа, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нарын жүжигчид тоглох аж.

Жүжгийн гол дүр Дорлигт тоглож буй жүжигчин О.Гэрэлсүх /СТА/ ярихдаа, “1998 онд Ромео Жульетта жүжгийн Ромеод тоглож байсан бол яг 20 жилийн дараа Дорлиг хэмээх 40 настай эрийн дүрээр дахин гарах гэж байна. Театрын алтан тайзнаа дахин гарч үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа маш их баяртай байгаа. Би хэдийгээр театрт захиргааны ажил хийж байгаа ч үзэгчидтэйгээ уулзах боломжийг олгосон удирдлагууд, найруулагч, хамт олондоо баярлалаа” гэлээ.

Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун эл жүжгийн зохиолыг 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн бол 1959 онд ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар театрт тайзны бүтээл болгон тавьж байжээ.Энэхүү жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөнджээ.

Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг хийдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ юугаар ч сольж болохгүй гэдгийг “Би эндээс явахгүй" жүжгээр үзүүлэхийг зорьжээ. Тасалбарыг суудлын зэрэглэлээс шалтгаалан 10- 25 мянган төгрөгөөр борлуулж эхэлсэн бөгөөд энэхүү драмын жүжгийн ирэх сарын 10-ыг хүртэл үзэх боломжтой юм байна.

О.Мөнхжаргал

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.