Үндэсний дээл хувцсаа хэрхэн зөв өмсөх вэ?


Mонгол түмний төрт ёсны Сар шинийн баяраар монгол ард түмэн үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ. Дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай Монгол Улсын мастер оёдолчин, "Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа зөвлөсөн юм.

Мандах төрийн малгай
Бүтэх төрийн бүс
Дэвжих төрийн дээл
Тулах төрийн гутал
Хан төрийн ханжаар /хантааз/ хэмээн монголчууд үндэснийхээ хувцсыг нэрлэж ирсэн сайхан уламжлалтай.

ДЭЭЛ ХУВЦСАА СОНГОХ НЬ

1.Малгай

Лоовууз бол уламжлалт монгол малгай. Хурганы арьс, үнэг, туулайны ангийн үсээр лоовууз малгайг хийж болно.

2.Дээлийн өнгө

Өндөр настнууд эрт дээр үеэс даруу төлөв өнгөтэй, шаргал, тосон бор өнгөтэй хувцас өмсөж иржээ.  Эзэн Чингис хаан намрын загсаасан өрөмний шаргал өнгө бол төрт ёсны  хүндэтгэлийн өнгө гэж хувцасны өнгөний талаар хэлсэн байдаг.

  • Залуучууд өөртөө зохисон, ногоон, цэнхэр зэрэг тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой.
  • Өвлийн улиралд нар шингээдэг, бараан өнгийг сонгодог бол зундаа бараан өнгөнөөс татгалздаг. Нас болон улиралдаа тааруулаад дээлийн өнгөө сонгохыг зөвлөж байна.
  • Гадуур хүрмийг ганц хээтэй торгоор хийнэ. Охид хүүхнүүд жижигхэн цэцгэн хээ,  40 нас дөхсөн хүн дугуй хээтэй дээл өмсвөл нүнжигтэй харагддаг байна.
  • Монголчууд 25 насанд нас бие гүйцнэ гэж ярьдаг. Эхлээд хямд төсөр юм өмсөж байгаад 25 нас хүрээд торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг байсан.

3. Дээлийн загвар

  • Монголчууд эртнээс хөдөлгөөнд саадгүй, чөлөөтэй хувцас өмсдөг байжээ.
  • Дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай.
  • Гэвч богино хүзүүтэй хүнд босоо захтай дээл зохидоггүй учраас мөөрөлжин захтай дээл сонгох нь зохимжтой
  • Монголчууд дээр үеэс 33 үндэстэн ястныхаа дээл хувцсыг өөрсдөө оёж өмсдөг байсан. Буриад хүн буриад, баяд хүн баяд хувцсаа өмсөх хэрэгтэй.
  • Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсөж байгаагүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй.
  • Эмэгтэйчүүд өвдөгнөөс доогуур урттай дээл өмсөх бөгөөд хөлөө ачилгүйгээр хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө хучаад суудаг.
  • Хубилай хаан хувцсыг хуульчлаад заяа нийлвэл зүс нийлнэ гэж үзсэн байна. Тиймээс өнөө цагт нэг гэрийн хүмүүс хос хувцас өмсдөг болжээ.

4. Хүүхдийн хувцас

  • Монголчууд хүүхдэдээ уужим чөлөөтэй, өнгөлөг хувцас өмсгөж ирсэн.
  • Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг. Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг байна. Хөвөнтэй баривчтай байхад огт даарахгүй.

ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨХӨД ЮУ АНХААРАХ ВЭ

1. Малгай, толгойн гоёл

  • Үстэй малгайг үстэй эсвэл ноолууран дээлэн дээр өмсөнө. Тэрлэг өмсчихөөд лоовууз өмсөх нь зохимжгүй. Харин дээлнийхээ гадна талаар хүрэм өмсвөл өвлийн хувцас болно.
  • Эмэгтэйчүүд монгол дээл өмсөөд үсээ задгай тавих нь зохимжгүй.
  • Бүсгүйчүүд дээлэн дээрээ толгойн гоёлоо зүүж болно.
  • Өвөл үстэй малгай өмсөнө. Монгол хүн толгой нүцгэн гардаггүй.

2. Бүс

  • Бүсээ нар зөв ороон бүсэлнэ. Монголчууд хийморь сүлдээ бүсэндээ дуудуулаад дэрлэж унтдаг байсан. Их дээгүүр тавьж хүндэтгэлтэй ханддаг. Эрэгтэй хүн баруун талдаа цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүсэлнэ. Монгол хүн хэзээ ч бүсээ хүнтэй сольж, дор хаяж байгаагүй.

3. Дээлийн дотуур

Дээлний дотуур монгол өмд цамц өмсөнө. Эрчүүд өвлийн цагт үстэй дээлний дотуур урт түрийтэй гутал, монгол өмдөө өмсөнө. Ноолууран өмд дээр үстэй дээл өмсчихвөл хоорондоо зууралдаад болохгүй. Тийм учраас зузаахан өмд өмсөөд гадна талаар нь шарваар, дээр нь монгол цамцаа өмсчихвөл үстэй дээлэнд наалдахгүй.

ЗОЛГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭ

  1. ​Монгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог.
  2. Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй
  3. Өндөр настнууддаа төвшин сайхан хувцас өмсүүлээд тохойг нь өргөөд золгодог уламжлалтай

Үндэсний ёс заншил, өв уламжлалаа дээдэлж сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Эх сурвалж: GoGo.mn

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.