ХБК-ИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН “А” ЗЭРЭГЛЭЛИЙН УРАЛДААНААС ШАГНАЛ ХҮРТЭВ


Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаанд Хөгжим бүжгийн коллеж /ХБК/-ийн хоёр сурагч шагнал хүртэв.
Энэ сарын 2-8-ны өдөр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд болсон “А” зэрэглэлийн энэхүү уралдаанд АНУ, ИБУИНВУ, ОХУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ, Япон зэрэг улсын 250 гаруй өсвөрийн төгөлдөр хуурч авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдсөн.

Уралдаанд манай ХБК-ийн 4 сурагч оролцсоноос бага буюу 10 хүртэлх насны ангилалд С.Саянцэцэг багштай ХБК-ийн 3 дугаар ангийн сурагч О.Нандин III байр, мөн сургуулийн 1 дүгээр ангийн сурагч, уралдааны хамгийн бяцхан оролцогч 6 настай З.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлж, эх орныхоо нэрийг мандууллаа.

Гэвч шагнал гардуулах үеэр тэд нутаг буцсан байсан учир шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан төлөөлөн гардан авав.

Мөн ширүүхэн өрсөлдөөнтэй болсон тус уралдааны 11-13, 14-17 насны ангилалд Б.Цацрал багштай ХБК-ийн 7, 12-р ангийн сурагч Б.Энх-гэрэл, Г.Анужин нар амжилттай оролцсон юм.

Дашрамд дурдахад манай улсын төгөлдөр хуурчид бэлтгэлээ сайн базаавал аливаа уралдаан тэмцээнээс шагнал хүртэх бүрэн боломжтойг, түүнчлэн олон улсын уралдаан тэмцээнд оролцоход санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг хэмээн багш нар хэлж байв.

Л.Нандиа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.