ОХУ-ЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ ОСОЛДОЖ, 71 ХҮН АМИА АЛДЖЭЭ


ОХУ-ын ''Saratov airlines'' компанийн зорчигч тээврийн Ан-148 онгоц ням гаригт /2018.02.11/ Москва мужийн Раменский гэх суурин газарт осолджээ. Зорчигч тээврийн Ан-148 онгоц нь Домодедово нисэх буудлаас Орск нисэх буудал орох чиглэлд нисэх хуваарьтай байсан гэв. 

Онгоцонд 71 хүн байснаас 65 нь зорчигч, зургаа нь нислэгийн багийнхан байснаас бүгд амиа алдсан байна. Амиа алдсан иргэдийн дунд гурван хүүхэд, хоёр гадаадын иргэн байсан ажээ. Урьдчилсан таамаглалаар, хоёр гадаадын иргэн нь Швейцар болон Азербайжаны иргэд байсан гэнэ. 

Москва мужийн тээврийн прокурорын газраас мэдээлж буйгаар, Ан-148 онгоц 14.24 цагт Домодедово нисэх буудлаас хөөрч, 14.28 цагт радараас алга болж, улмаар Раменский суурин газарт осолдсон гэв. 

Болсон үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газарт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх тушаал буулгасан гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмиртрий Песков мэдэгдэв. 

Мөн ОХУ-ын төрийн тэргүүн авиа осолд амиа алдсан иргэдийн гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Дээрх хэрэгт, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар, хоёр хүний цогцос, онгоцны их биеийн хэлтэрхий болон хар хайрцаг нь олдсон гэв. 

Ан-148 онгоц жижиг, жижиг хэсэг болон хуваагдсан нь эрэн хайх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэв. 

Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын Зам тээврийн яам өнөөдөр /2018.02.12/ 12 цагт шуурхай хурал зарлажээ. Тэдний үзэж байгаагаар, амиа алдсан иргэдийг таних ажиллагаа явуулахын тулд генетикийн шинжилгээ хийх шаардлагатай гэв. 

Амиа алдсан иргэд доод тал нь хоёр сая рублийн амь насны даатгалд хамрагдсан байсан гэдгийг «АльфаСтрахование» компани мэдэгджээ. Тус компанийн зүгээс амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нь эхний ээлжид 100 мянган рубль олгоход бэлэн гэдгээ зарлав. 

Харин Москва мужийн захиргаа нэг сая рубль өгнө гэдгээ мэдэгдлээ. 

АН-148 ОНГОЦНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 

Богино тээврийн  Ан-148 онгоц нь 2000 оны үед Украины Антонов компани бүтээсэн аж. Энэ төрлийн онгоц 2004 оны арванхоёрдугаар сард анхны нислэгээ үйлдэж байсан бөгөөд яг энэхүү осолдсон онгоц нь 2009 оны зургаадугаар сард нисч эхэлжээ. 

Тус онгоц нь дээд тал нь 80 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 4400 км замыг туулах хүчин чадалтай гэнэ. Ан-148 онгоц нь 2010 онд “Россия” нисэх онгоцны компанид харьяалагдаж байсан бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас ''Saratov airlines'' компанид харьяалагдах болжээ. 

Саратов мужийн тээврийн прокурор Станислав Прохоров мэдээлж буйгаар, онгоц бүр нислэгт тэнцэх зөвшөөрлийн сертификаттай байдаг. Осолдсон Ан-148 онгоцны сертификатын хугацаа  2018 оны зургаадугаар сарын 1-д дуусах ёстой байсан гэв. 

Осолдсон онгоцны нисгэгчээр Валерий Губанов гэх хүн байсан бөгөөд тэрээр 5000 цаг агаарт ниссэн туршлагатай. Харин хоёрдогч нисгэгчээр Сергей Гамбарян гэх хүн байсан бөгөөд тэрээр 812 цаг агаарт ниссэн туршлагатай ажээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.