Монгол Япон цэргүүд хамтран автозам барьжээ


Монгол Японы цэргүүд хамтран автозам барьжээ. Энэхүү замыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Таван толгойн цэргийн нэгдсэн сургалтын төвд боллоо.
 
Замын урт 200-хан метр ч гэлээ хоёр орны зэвсэгт хүчний харилцаанд нэгэн шинэ хуудас нээсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Япон улс автозамыг чанартай гүйцэтгэдгээрээ дэлхийд алдартай. Зам барьдаг техник технологи нь шинэ тутамд хөгжиж нэр хүнд нь улам өссөөр байгаа.  
 
Тэд ийнхүү өөрийн брэнд болсон зам барих технологио монгол цэргүүдэд зааж өгсөн юм.  Энэхүү төсөл нь гурван жилийн өмнөөс хэрэгжиж монголын 70 гаруй цэргийн албан хаагч оролцжээ.  Японы талаас ч өнгөрсөн хугацаанд барилгын цэргээр мэргэшсэн алба хаагч нараа илгээж байв. Автозамыг хүлээлгэн өгөх ёслолд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Япон Улсын элчин сайд Т.Шимизү, Японы Батлан хамгаалах парламентын дэд сайд Кобаяши Такаюүки нарын хүмүүс оролцлоо. Тэд зам барих төсөлд оролцсон алба хаагчдаа хүлээн авч баяр хүргэн, шагнал гардуулсан юм.
 
Төслийн хүрээнд манай алба хаагчид зам барилгын хэмжилт хийх, зам барих, асфальт хучилт хийх зэргийг  японы инженер цэргүүдээс бүрэн суралцжээ. Сургалтын хүрээнд мөн манай гурван алба хаагч Японд очиж суралцсан байна.
 
Япончуудын зүгээс сургалтад хамрагдсан алба хаагчдын эзэмшсэн дадлага, ур чадварыг нь ашиглан замын ажилд голлох үүрэгтэйгээр ажиллуулж байхыг ЗХЖШ-ын удирдлагуудад илэрхийлэв. Мөн ажиллах боломжийг нь бүрдүүлж, орчин үеийн техник, багаж төхөөрөмжөөр хангахыг онцлон захиж байв.   Япон улсын Батлан хамгаалах парламентын дэд сайд Кобаяши Такаюүки “2012 оноос хойш манай хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байна.  Монгол Улсад болдог “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих хээрийн сургуульд манай өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа.
 
 
Цэргийн инженер болон эмнэлгийн чиглэлээр мөн голлон ажиллаж байна.  Цаашид Монгол дахь Японы Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташег томилон ажиллуулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм. Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат “Бид энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчдаа цаашид эх орныхоо бүтээн байгуулалтад оролцуулна. Мөн орчин үеийн техник технологиор хангах тал дээр анхаарах болно.
 
Энхийг сахиулах ажиллагаанд Японы цэргийн бие бүрэлдэхүүнтэй мөр зэрэгцэн дэлхийн халуун цэгт очиж бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулах цаг ойрхон байна” хэмээн онцолж байв.  Ийнхүү хоёр орны цэргүүдийн хөлс хүч, ажлын дадлага туршлага шингэсэн 200 гаруй метр автозам Таван толгойн цэргийн нэгдсэн сургалтын төвд зурайлаа.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.