ЦАГААН САРЫН ИХ ХЯМРАЛ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ


Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар болох гэж байна. Хэдийгээр улстөрчид “бүх зүйл сайхан болно” гэж иргэдийнхээ тархийг өдөр бүр угааж байгаа ч ард түмэн банкны лизинг, амьдралын энгийн хэрэглээ хоёртоо дарлуулсаар л байна. Тиймээс ч Шинэ жил, Цагаан сар мэтийн зарлага ихтэй баярууд ард түмний дийлэнхийнх нь нуруун дээр асар том ачаа болон буудаг. Гэвч монголчууд “амны билгээс ашидын билэг” хэмээн бэлгэшээдэг гайхалтай ард түмэн учир аливаа баярыг, тэр дундаа уламжлалт сар шинийн баяраа чадлынхаа хэрээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээдэг. Зарим нь ч чадлаасаа давуулаад, өр  зээл тавьж байгаад ч хамаагүй элбэг хангалуун тэмдэглэчихдэг болж байна.

Би ч бас тэдний л нэгэн адил Цагаан сараа халгиж цалгисан элбэг хангалуун биш юм аа гэхэд өрөөлөөс дутуугүйхэн шиг тэмдэглэчих гэж тархиа гашилгаж яваа, жирийн нэгэн гэрийн эзэгтэй. Ямартай ч сүүлийн хэдэн жилийн туршлагаасаа “үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн бүтээгдэхүүнүүд л хамгийн өргөн сонголттой бөгөөд үнэ хямд байдаг”-ийг мэдэж авсан. “Буянт-Ухаа”, “Хүннү молл”, “Мишээл экспо” зэрэг хотын төвөөс алсхан олон л үзэсгэлэн худалдаа болж байгаа дуулдана. Гэвч тэр хүртэл явна гэдэг мань мэт шиг нийтийн тээврийн байнгын үйлчлүүлэгчдэд амаргүй даваа л даа. Яваад очлоо гэхэд сар шинийн баахан юм цуглуулчихаад буцаад автобусандаа чихэлдэлтэй ч биш. Тиймээс ч ажлаа хийнгээ зам зуурт таарсан үзэсгэлэн худалдаануудаар орж, ерөнхийдөө үнийн судалгаа хийгээд л явж байна. Багахан төсөвтөө яс тааруулах нягтлан бодогчийн нарийн ухаан шаарддаг учир үнийн судалгааг ч ёстой уйгагүй хийнэ шүү дээ. Хотын төвөөр “үзэсгэлэн худалдаа” гэсэн хаягтай олон ч газраар орж үзлээ. Хотын төвд байрлалтай үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дийлэнхи нь “бүгдийг үйлдвэрийн үнээр”, “бүх бараандаа 20-50 хувийн хямдрал зарлалаа” хэмээн сурталчилж байгаа хэдий ч бодит байдал дээрээ энэ нь үнэнээс зөрүүтэй байгааг ч олж мэдэв.

Харин өнөөдөр тун санамсаргүй явж байгаад Хан-Уул дүүргийн Соёлын төвд зохион байгуулагдаж буй “Монголын Цагаан сар” үзэсгэлэн худалдаагаар ороод гарлаа. Ер нь хүмүүс бэлгээ ч авна, боов, чихрээ ч бэлдэнэ гэсэн бодолтой л үзэсгэлэн худалдааг зорьдог доо. Тэгвэл дийлэнх үзэсгэлэн худалдаанууд цагаан идээ, хэвийн боов, еэвэн төдийхнөөр л хязгаарлагддаг. Харин Хан-Уул дүүргийн Соёлын төвийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчид бараагаа төрөлжүүлэхэд нэлээд сайн анхаарсан нь үүднээсээ л илт байлаа. Бүсгүйчүүдийн хараа булаасан гоёлын дээл хувцаснаас эхлээд хэвийн боов, тавгийн чихэр, цагаан идээ, гарын бэлэгнүүд ч нэлээд өргөн сонголттой байна. Харин ууц, өвчүү л харагдсангүй.

Боломжийн үнэтэй содон бэлэгнүүд

Үзэсгэлэн худалдааны хамгийн олон үйлчлүүлэгчтэй лангуу нь “Хоме плаза”, “Асралт трэйд”, “Апу”, “Монгол оймс”, “Сатрун” брэндийн “Жимстэй овъёос” байлаа.

“Хоме плаза”-гийн хувьд Солонгосоос албан ёсны зөвшөөрөлтэй оруулж ирдэг С, D витамины цуглуулга болон солонгос бууз, баншаар уг үзэсгэлэнд оролцож байгаа аж. Уг витамины цуглуулга нь багачуудын хайртай Поророг нүүр царайгаа болгосон, хүүхдийн өсөлт, дархлааг дэмжих бүтээгдэхүүнүүд юм байна. Маш гоёмсог савлагаатай, өнгө үзэмж сайтай учир багачуудад өгөхөд тун сайхан бэлэг болох нь. Үнийн хувьд ч тун боломжийн, 990-39 000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Харин бууз, хуушуур нь мөөг, гахайн махтай гэх мэт сонголттой бөгөөд жингээ барихаар дэглэм сахиж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой гэсэн шүү.

Харин танхимын урд булангаас үнэр нь сэнхийгээд байсан зүйлийн эзэд  нь “Асралт трэйд” ХХК-ийнхан байлаа. Тэд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан голланд үрийн монгол улаан сонгиноо уг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Тус компанийн агрономич С.Тунгалагаас “Монгол болон хятад ногоог ялгаж таних хамгийн энгийн аргыг хэлж өгөөч” гэж асуухад тэрбээр “Жингээрээ асар ялгаатай. Монгол ногоо 1 кг-даа 10-13 ширхэг ирдэг бол хятад ногоо 6-7 ширхэг л ирдэг. Өөрөөр хэлбэл, химийн аргаар жинг нь нэмчихсэн байдаг гэсэн үг л дээ” гэж хариуллаа. Харин тэд ааг нь хамар сэнгэнүүлсэн улаан сонгиноо кг-ийг 1700 төгрөгөөр, жижиг савлагаатайг нь ердөө л 1000-хан төгрөгөөр худалдаалж байгаа аж.

“Асралт трэйд”-ээс холгүйхэн олон хүн овоороод байсан нь “Апу” ХК-ийн лангуу байжээ. Тэд энэхүү үзэсгэлэнд “Дээж”, “Сайн”, “Маамуу” гэсэн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байгаа юм байна. Тэднийх мөн л бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь худалдаалж байгаа бөгөөд багцын хямдралтай үнийн санал хүртэл гаргачихсан байна лээ. Жишээлбэл, Нэг уут “Дээж” ааруул, 6 ширхэг “Цэвэр сүү”, 18 ширхэг “Маамуу” шүүс нийлээд ердөө л 29 000 төгрөг аж.

Дараагийн лангуу бол мэдээж “Монгол оймс” ХХК. Монголчууд Цагаан сарын бэлгэнд оймс хамгийн өргөн өгдөг дөө. Харин сүүлийн жилүүдэд хятад оймс бус үндэсний үйлдвэрийн дулаахан, чанарлаг ноолууран оймс бэлгэнд өгдөг болсон. Тэд ч бас үйлдвэрийн үнээрээ худалдаалж байгаа бөгөөд 70 хувийн ноолууран урт богино түрийтэй оймснууд 1300-4500 төгрөг, хүүхдийн өмд, триконууд  5200-8000 төгрөгийн үнэтэй байна.

Харин үзэсгэлэн худалдааны Б зааланд бүсгүйчүүд дугаарлачихаад нэлээд удаан хүлээлгэсэн лангуу бол “Жимстэй овъёос” байлаа. Дийлэнх бүсгүйчүүд Цагаан сараар бууз, мах идсээр 2-4 кг нэмчихдэг хэмээн гомдоллодог доо. Тэгвэл хатаасан жимстэй хольж бэлтгэсэн овъёос нь хоол боловсруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учир Цагаан сарын өдрүүдэд сүү болон тараганд холиод идчихэд жин нэмэх аюулаас өөрийгөө бүрэн сэргийлж болох нь ээ. Жин барих хамгийн хялбар энэ арга тийм ч үнэтэй биш. 7-14 хоногийн хэрэглээ нь 3200-9800 төгрөг юм билээ шүү.

За, тэгээд тойгны шөлний тостой ваннын хөөс, хөлийн дүрлэг, Монгол алтайн барагшун, үндэсний үйлдвэрийн цэвэр арьсан гутал, Солонгос болон үндэсний үйлдвэрийн бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, “Гачуурт”-ын ногоо болон жимснүүдийг хандалж боловсруулсан эмчилгээ, сувилгааны бэлдмэлүүд гээд гарын бэлгэнд өгчих өнгө үзэмж сайтай, чанартай, нүнжигтэй, өгч байгаагийнх нь нүүр улайхгүй, авсан эзэндээ хэрэг болохуйц гарын бэлэгнүүд ч өнгө өнгөөрөө, ёоз ёозоороо л байна.

Банкны зээлийг газар дээр нь шийдэж байна

Б зааланд “Хас” болон “Голомж” банкныхан лангуу түрээслэчихсэн сууж байсан нь нүдэнд тун содон туслаа. Учрыг лавлавал, тэд ч бас энд үйлчилгээ явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, та үзэсгэлэн худалдаагаар орж сар шинийн бэлтгэлээ базаангаа “Хас” болон “Голомт”-ын мэргэжилтнүүдээс банкнаас авдаг  бүхий л үйлчилгээгээ  авч болох нь ээ. Тэр дундаа зарим зээлийг газар дээр нь шийдвэрлэж өгч байгаа  гэсэн шүү. Тэгэхээр заавал банкинд дугаарлаж, цаг заваа гарцдалгүй, Хан-Уулын Соёлын төвийн үзэсгэлэн худалдааны Б зааланд орж, зээлээ авчихаад л хоёр заалнаасаа сар шинийн бэлтгэлээ базаагаад харьчих нь байна шүү дээ.

800-хан төгрөгийн үнэтэй тавгийн еэвэн ч байна

Үзэсгэлэн худалдааны хамгийн өргөн сонголттой бүтээгдэхүүн нь хэвийн боов, еэвэн, монгол гүрмэл байлаа. Үнийн хувьд 2000-2600 төгрөг. Харин еэвэн жижиг томоосоо хамаараад янз бүрийн үнэтэй худалдаалагдаж байв. Бүгд амталгаатай учир үйлчлүүлэгчид бүгдийг нь үнэрлэж, амталж үзээд авцгааж байлаа. Миний хувьд хэвийн боов танихдаа таарууханаа мэдэх учир ахмадуудын сонголтыг л харж зогслоо. Тэдний дийлэнх нь “Баялаг” гэсэн шошготой, ногоон тортой хэвийн боов л худалдаж авцгаагаад байсан юм. Хүний хөл сийрэгжихээр нь очиж асуувал эдний нарийн боовны үйлдвэр байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд хэвийн боов нь хатаж мууддаггүйгээрээ хэрэглэгчдийн хэзээний танил болсон аж.

Харин еэвэнгийн үнэ судалж яваад ёстой л “эрүү мултрах” шахав. Учир нь, “Рояал бэйкери”-гийн хамт олон тавгийн идээ засдаг шанзтай еэвэнгээ үйлдвэрээс гарсан үнээр нь буюу ердөө л 800-хан төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Хамгийн хямд цагаан идээ энд л байна

А, Б хоёр зааланд хоёуланд нь Архангайн цагаан идээ дэлгэжээ. Тавгийн идээ засдаг хэвтэй ааруул 1 кг нь аль хэдийнэ 40 мянган төгрөг хүрчихсэн талаар сошиалаар нэг л шуугиад байсан. Харин  энд цагаан идээ яг элбэг дэлбэг үеийнх шигээ хямд үнээр худалдаалагдаж байна. Тухайлбал, ингэний хоормог 1 литр нь 6000, хорхой болон хэвтэй ааруул 10-18 мянга, хайлмаг 8000, сагсайтал хатаасан хуруу зузаан өрөм 15 мянган төгрөг.

Мэдээж бас чихэр, хатаасан жимснүүд ч өнгө үзэмж, үнийн өргөн сонголттой худалдаалагдаж байна лээ. Дийлэнх нь бидний аав, ээжийн үеэс идэж өссөн өнгө үзэмж, амт чанартай орос чихрүүд харагдсан.

Ноолууран цамцнууд бүгд 50 хувийн хямдралтай

Хан-Уулын Соёлын ордонд болж байгаа болоод ч тэр үү, тус дүүргийн үндэсний үйлдвэрлэгчид нэлээд хэдэн лангуунд тархан суусан  байлаа. Тэд дүүргийнхээ хэрэглэгчдэд зориулан бүх бараагаа үйлдвэрийн үнээр нь, бүх зарим нь 50 хүртэл хувийн хямдралтай худалдаалж байгаа аж. Тухайлбал, монгол загварын ноолууран цамцнууд бүгд 50 хувийн хямдралтай буюу 25-70 мянган төгрөг. Цэвэр арьсан түрийвчнүүд 10-13 мянга, загварын дээлнүүд 45-450 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Мөн энд Цагаан сарын хамгийн содон бэлэг ч байна. Тэр нь чухам юу вэ гэвээс монгол модон савнууд. Цэвэр модоор хийсэн эдгээр савнуудыг ахмадууд ихэд сонирхдог аж. Тэд савандаа ямар ч лак хэрэглэдэггүй бөгөөд “цагаан идээ дотор нь хиймэгц л өөрөө өнгөө засаад эхэлдэг юм” хэмээн тайлбарлалаа. 10 литрийн багтаамжтай эдгээр модон саванд гурил будаа, ус, цагаан идээ гээд бүхий л төрлийн хүнсний зүйлийг хадгалж болох бөгөөд хамгийн гол нь зэврэхгүй, хагарахгүй, эдэлгээ даах олон жилийн настай эд ажээ.

Модон эдлэл гэснээс энд Цагаан сарын зайлшгүй нэгэн хэрэглээ болсон модон царнууд ч бас 35-75 мянган төгрөгөөр зарагдаж байна лээ.

Хямралыг давна аа

Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байдаг ч тэнгэрт хадсан үнэнээс нь эмээгээд дасал болсон хужаа бараагаа сонгохоос өөр аргагүйд хүрдэг дээ. Тэгвэл бас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд энэ мэтээр үйлдвэрийн үнээрээ зарагдаад байвал Цагаан сарын их хямралыг нэг их шаналгаагүй давчихаж болмоор л санагдлаа шүү.

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.