Д.ТРАМП: "ТАЛИБАН"-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЦАГ БИШ


Афганитан дахь лалын босогчдын “Талибан” бүлэглэлийхэнтэй яриа хэлэлцээ хийхийг оролдохоос илүүтэйгээр тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь дээр гэж үзэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийллээ гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Д.Трамп даваа гарагт буюу өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улсуудаас АНУ-д суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай ярьжээ.

Кабул хотод олон хүний аминд хүрсэн цуврал халдлага болсны дараа энэ уулзалт болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Кабул хотод талибууд дэлбэрэлт үйлдэн 103 хүний аминд хүрсэн юм. Мөн энэ сарын 20-нд талибууд Кабул хотын нэгэн зочид буудал руу халдан гадаадын иргэд голдуу 20 гаруй хүн, тэдний дотор АНУ-ын иргэдийг хөнөөсөн билээ.

Эдгээр халдлагын талаар Д.Трамп дурдаад “Талибууд харгис хэрцгий халдлага үйлдэж, гэм зэмгүй хүмүүс, тэдний дотор хүүхэд эмэгтэйчүүдийг хөнөөж байна. АНУ-ын Засгийн газар энэ босогчидтой яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна. Тэдэнтэй яриа хэлэлцээ хийгээд сууж байх цаг биш. Яриа хэлэлцээ хийхэд ч багагүй хугацаа орно” гэжээ.

АНУ-ын өмнөх засаг захиргаа Афганистаны Засгийн газар болон талибуудыг энхийн хэлэлцээний ширээнд суулгахыг оролдсоор ирсэн юм. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаа тус босогчдын бүлэглэлтэй албан бусаар холбоо тогтоож байсан удаатай.
Г.Доржханд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.