VIII Богдын удам Монголд үлдээгүй


VIII Богд Жавзандамбын донир(туслах) Жамбал гэгч өвгөн нэрт уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд Богдын гэр бүлийн талаар ингэж ярьжээ.

...Богд Монгол хэлэнд их сайн. Харин Түвддээ базаахгүй байсан юм гэдэг. Богд баруун газраас (доод Төвдөөс) долуулаа ирсэн юм гэдэг. Эцэг нь ирээгүй үхсэн бололтой. Эх нь Хүрээ их эргэдэг эмгэн байгаад өнгөрчээ. Ойдовдулам гэдэг байсан. 
Том ах нь Балданцэрэн гүн гэж байсан. Балданцэрэн нь сангийн хэрэглэлтэй, монгол эхнэртэй байгаад үхсэн. Түүний эхнэр Жамбал хатан гэж монгол хүүхэн байсан. Хүүхэдгүй. 
Нөгөө ах нь Жолоо хамба гэдэг хүн байсан. Жолоо хамба нь сангийн хоол идэж, энгийн байж байгаад үхсэн. 
Богдын төрсөн дүү нь Лувсанвандан, Лувсанхайдав хоёр болно. 
Норов хамба гэж бас нэг дүү нь байсан, гүжир хамба гэж байгаад 17, 8-тай нас баржээ.. 
Лувсанвандан их томоотой, нэг насаар нүгнэй сахиж байгаад үхсэн. Лувсанхайдав шагай харвах дуртай, зүгээр уншлагатай залуу лам байсан. Бадаргуултын үед Маймаа хотын Цэрэндорж удирдаж, Лувсанхайдавыг чойжин болгож, Чойжин лам нэртэй болгожээ. Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Нэгд нь Найчүн, хоёрт Зэмэр, гуравт Шүг сахиус. Найчүн их догшин биш, Зэмэр мөн догшин биш, Шүг их догшин сахиус байсан юм. 
Шүг сахиусыг оршиж байхад Чойжин лам дэвхцэж, цовхчоод, гэдэс годос хийгээд, амнаасаа хөөс буруулж, их догшин дүрэмтэй байдаг сан. 
Чойжин лам голын чойжин буюу албаны чойжин болжээ. Чойжин бол амаар айлдах гэж байхгүй, сугаар нь чагнахад үг сонсдох шиг нэг юм гунганаад байдаг. Түүнийг бичиж аваад олонд хэлж өгдөг хүнийг Гомбоо лам гэдэг. Гомбоо лам Пэлжээ, сүм барьж хурал гаргана гэж яриад байдаг болов. Тэгээд Зүүн хүрээнд хоёр гурван жил их модон сүм барив. Тэр сүмүүд нь Бадаргуултын сүүлийн оны үед, нэг өвлийн шөнө, гэнэт гал гараад бүгд шатжээ. Ер нь юу ч үлдээгүй. Чойжин лам Маймаа хотын Дамдин зайсангийн охин Сүрэнхорлоог эхнэр болгон аваад байсан. Улсын ярьж байсан нь “Чойжин лам, Сүрэнхорлоо хоёр дөнгөж дээлээ нөмрөөд ордноос гарч гэнэ. Өөр юу ч авч чадаагүй гэнэ” гэж ярилцаж байсан. 
Ленин клубын урд Цахарын Шагдар гүнгийн муу хашаа байсан. Тэнд Гэгээн сан ба Хүрээний баялаг дацангаас олон гэр бэлтгэж Чойжин ламд барьж өгөв. Тэгээд дараа жилийн хавар, одоогийн байгаа Занхан сүмийг барина гэж ажиллаж эхэлсэн болно. Автономитын үед Чойжин ламын сүмд цам гардаг боллоо. Маму, зан, таван хан зэргийн цамтай байсан. Энэ бол Хүрээ цамаас их ондоон байсан. 
Автономитын үед Чойжин лам нас барав. Сүрэнхорлоог гэрт нь хүргэж өгөхөд 20-30 тэрэг ачаатай явсан гэдэг. Царай муутай, цэлцгэр шар хүүхэн байсан юм...

Энэ яринаас үзвэл Хутагтын ах дүүсээс Монголд үр удам үлдээгүй бололтой байна. 

VIII Богд Жавзандамба

Чойжин лам

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.