Монголчуудын шинэ “идэш”


Газрын ховор элементийг ирэх зууны хөгжлийн цөм гэж эрдэмтэд тодорхойлж байна. Тэгвэл Монгол Улсад энэ төрлийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байсаар байна.

Лантанойдын “гэр бүл”-тэй танилц. Тули, Терби, Эрби... Эднийх 14 гишүүнтэй өнөр айл. Гэхдээ тэднийг Лантанойдын “гэр бүл”-ийн гишүүн гэхээс нь илүү газрын ховор элемент гэдгээр нь дэлхий нийт андахгүй. Газрын ховор элемент. Энэ нэрийг уншигч та цөөнгүй дуулсан байх. Хэдийгээр нэр нь ховор гэх тодотголтой ч эдгээр элементийн тархац хийгээд олдоц сийрэг биш. Хэрэглээ нь ч жилээс жилд жин нэмж буй.

Газрын ховор элементийн 10 гаруй тусгай зөвшөөрөл олгожээ

Чанх өөдөөс чинь ширтэх комьютерийн дэлгэц, дэргэдэх ухаалаг утас, зай хураагуур, цахилгаан хөдөлгүүр. Цөм Лантанойдын элементээс бүтдэг. Тухайлбал, ухаалаг гар утас л гэхэд 10 гаруй төрлийн газрын ховор элемент, металлын орцтой. Гар утасны дэлгэц, камер, чанга яригч, зай хураагуур, чичиргээ.

Энэ бүх эд анги бүрт газрын ховор элемент, металл агуулагдаж байдаг. Зөвхөн гар утас гэлтгүй сансрын уудам дахь хиймэл дагуул, салхин турбин, хосолмол хөдөлгүүр, рентген туяа гээд дэвшилт гэх тодотголтой шинэ технологийн гол орц нь газрын ховор элемент. Хэрэглээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах инфографикаас харна уу.

Товчхондоо, технологийн үндсэн түүхий эд. Тэр тусмаа хэтдээ хүчээ авч, хэрэглээ нь тэлэх шинэ эриний үндсэн орц нь. Тиймээс газрын ховор элементийг энэ зуун ч биш, ирэх зууны ирээдүй хэмээн эрдэмтэд тодорхойлж байна.

АНУ, Англи, Япон, Герман, Европын Холбоо, БНСУ, БНХАУ. Энэ бол Лантанойдын элементийн хэрэглээгээр тэргүүлэгч улсууд. Газрын ховор элементийг ашигладаг, ид шидийг нь мэдэрдэг орнууд. Бас дэлхийн хөгжлийг тэргүүлэгчид. Эдгээр элементийн хэрэглээ хийгээд улсын хөгжлийг харвал газрын ховор элементийг ашигласан орнууд технологийн хүч атгаж, хөгжлийг түүчээлдгийг харж болохоор байна.

Энэ түүхий эдийн хэрэглээ тэлэхийн хэрээр хайгуулын ажил ч эрчимжжээ. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн газрын ховор элементийн баталгаат нөөц 130 сая тоннд хүрсэн байна.
Манай гарагийн газрын ховор элементийн хэрэглээ жилд дунджаар 130-150 мянган тонн.

Энэ нь цэвэршүүлсэн элементийн хэмжээ болохыг сануулъя. Магадгүй уншигч танд хэрэглээ харьцангуй бага сонсогдож магадгүй. Гэхдээ үнэ өндөр. Нэг грамм нь 10 ам.долларт хүрдэг элемент ч бий. Дэлхийн зах зээлд унци алт 1300 ам.доллартай тэнцэж буй. Тэгвэл ховор элементийн өнөөгийн үнэ цэнэ бараг алттай дүйх нь.

Тухайлбал, Лантанойдын “гэр бүл”-ийн гишүүн танталын ислийн 453.6 грамм нь 100 ам.долларыг давдаг. Ингээд болохоор яав ч хямд биш. Энэ зах зээлийн хамгийн хүчтэй тоглогч нь БНХАУ. Урд хөрш зах зээлийн нийт нийлүүлэлтийн 70-80 хувийг дангаараа хангадаг. Тэгвэл тус улсын нийлүүлэлтийн дийлэнхийг БНХАУ-ын хойд бүс нутгийн Бугат хот орчимд байрлах Баян-Овоогийн уурхайгаас гаргадаг. Өөрөөр хэлбэл, манай улсаас урд зүгт газрын ховор элементийн дэлхийн хэмжээний том уурхай байрладаг аж.

Тэгвэл энэ уурхайтай физик, химийн чанараараа төстэй орд, илэрц манай улсын өмнөд хэсэгт бий. Бүр цөөнгүй байдгийг ч Ашигт малтмалын газраас мэдээлсэн. Монгол Улсад нөөц нь баталгаажсан “Мушгиа худаг”, “Халзан бүрэгтэй”, “Лугийн гол”, “Хотгор” зэрэг орд бий. Бас хайгуулын ажил нэмж хийх шаардлагатай илэрц олон байгаа аж.

Үүнээс үзэхэд, Монгол Улс Лантанойдын элементийн багагүй нөөцтэй. Барагцаагаар жилд нэг тэрбум ам.долларын экспорт хийх боломж байгааг ч манай эрдэмтэд тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, монголчуудыг тэжээх нэг үүц нам “унтаж” байна. Гэтэл ийм үүц ч үгүй улсууд хэдийнэ үр шимийг хүртээд эхэлчихэж. Бас хөгжлийнхөө луужин болгожээ.

Тэгвэл бид яагаад ашиглах нь бүү хэл эдийн засгийн эргэлтэд ч оруулж чадахгүй байна вэ? Салбарынхны хэлж буйгаар газрын ховор элемент нь манай улсад харьцангуй шинэ салбар. Энэ чиглэлийн нөөц бүрэн тодроогүй. Ашигт малтмалын газрын мэдээлснээр газрын ховор элементийн чиглэлээр 10 гаруй тусгай зөвшөөрөл олгожээ. Үүний найм нь хайгуул, долоо нь ашиглалтынх. Гэхдээ өнөөг хүртэл дорвитой хайгуул, олборлолт хийгээгүй байна.

Шинэ хэмээх энэ ойлголтоос үүдэн боловсон хүчний мэдлэг, туршлага нимгэн. Газрын ховор элементийн эрэл хайгуул, үнэлгээ, олборлолтын аргачлал нь бусад түүхий эдтэй адилгүй. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтний мэдлэг чадвар, технологийг илүү дээшлүүлэх шаардлагатай”. Энэ үгийг Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болд хэлж байна. Мөн тэрбээр Монгол Улсад нөөц нь тодорхой болсон ордууд бий.

Гэхдээ БНХАУ-ын Баян-Овоо шиг том хэмжээний орд байхгүй. Хятад улс энэ зах зээлийн гол нийлүүлэгч. Тэгэхээр тус улстай өрсөлдөөд түүхий эдээ борлууллаа гэхэд өрсөлдөх чадвар сул. Манай ордуудын ойр орчимд дэд бүтэц сайн хөгжөөгүй. Бас шинэ салбар учраас зардал өндөр. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг онцлов. Түүний үгнээс газрын ховор элемент “амилах”-гүй байгаагийн шалтгааныг мэдэж болохоор байв. Хөрөнгө оруулалт ба өрсөлдөх чадвар. Яагаад хөдлөхгүй байгаагийн нэг учир нь энэ.

Тиймээс ч энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр урагшилдаггүй. Хөрөнгө оруулагчдад харуулчих бэлэн Техник, эдийн засгийн үндэслэл ч байдаггүй хэмээн Монголын үндэсний газрын ховор элементийн холбооны мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, Ховд аймагт байрлах Халзан бүргэтэйн ордыг аваад үзье. ЗХУ-ын мэргэжилтнүүд энэ ордод 1990 оноос өмнө судалгаа хийсэн. Гэхдээ судалгааны тайлан бүрэн эхээрээ манай улсад байдаггүй.

Үүнээс гадна Лантанойдын “гэр бүл” нарийн технологи нэхдэг. Энэ төрлийн элементийг хүн төрөлхтөн тун хожуу илрүүлжээ. Учир нь эдгээр элементийн физик, химийн шинж чанар төстэй. Ялгахад ч нарийн технологи шаарддаг аж. Ялгалаа гэхэд олборлоход илүү өндөр технологи хэрэгтэй.

Монгол Улс Лантанойдын элементийн багагүй нөөцтэй

Тиймээс техник, технологийн хөгжил ахисан тэр үеэс газрын ховор элементийг нээн илрүүлжээ. Гэтэл манай технологийн хөгжил хаана явж байгаа билээ. Тиймээс газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь технологи, хөрөнгө шаардсан ажил. Ганц компанийн хийж чадах зүйл биш гэдгийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй нэгэн компанийн захирал учирлав.

Тэрчлэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг ч хувийн хэвшил, мэргэжлийн холбооноос нуусангүй. Газрын ховор элементийн чиглэлээр дагнасан хөтөлбөр, төлөвлөгөө өнөөг хүртэл Монгол Улсад байхгүй гэдгийг хэлсэн. Мөн дэлхий даяар түүнийг стратегийн гол түүхий эдэд тооцдог. Гэтэл энэ чиглэлд баримтлах Монгол Улсын байр суурь ч тодорхойгүй. Уг нь өмнөх Засгийн газрын үед энэ чиглэлийн хөтөлбөр боловсруулах ажил эхэлсэн. Гэхдээ одоогоор зогсчээ.

Эцэст нь, Монгол Улсад улс төр, эдийн засгийн нягт холбоотой Япон, Герман зэрэг улсад түүхий эдээ нийлүүлэх боломж бий. Цаашлаад нэр хүнд, байр суурь ч тэлэх гарц байгаа. Технологийн хөгжил газрын ховор элементийг манай гарагийн хамгийн хосгүй түүхий эдийн нэг болгон хувиргаж байна. Лантанойдын “гэр бүл” Монголын үүдийг тогшиж байна. Гагцхүү үүдээ нээгээд, үүцээ задлах нь биднээс хамаарах нь.

Г.Байгал

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.