“Би азтай дуучин”


-“Хайрын бурхан” дууны үргэлжлэл болох “Хайрын бурхан 2” дууныхаа албан ёсны клипийг цацна гэсэн үү. Хэзээнээс сонсогчдодоо хүрэх вэ?

-Нэг дуунд хоёрын хоёр клип хийнэ гэдэг тухайн дуунд өгч буй ач холбогдол гэж бодож байна. Би “Хайрын бурхан 2” дууг хит болтол нь дуулна гэж бодож байгаа. Тэглээ гээд fm, радиогоор өдөр шөнөгүй “зодож”, хүнд хүчээр хүргэхгүй.

Миний хувьд энэ дуугаа олонд хүргэх үүднээс “Dual zet” продакшныг сонгон, эртнээс хамтран ажиллаж ирсэн. Тус продакшны уран бүтээлчид олон цомгийн маань коверуудыг маш сайхан хийсэн. Мөн өөрсдөө оркестртой ажилладаг болохоор надад их таалагддаг. Бас 2013 онд миний “Амьдрал намайг дуунд уяраажээ” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэнг анх удаа гаргасан. Тэр ч утгаараа энэ продакшнтай хамтарч ажиллаж байна.

Хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших /Өөжгий/, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар үнэхээр гайхалтай дуу зохиожээ гэж бодож сууна. Яруу найрагч Ү.Хүрэлбаатарын зохиосон “Хэн юм бэ”, “Шүхэрт болзоо”, “Шинэ жил манайд ирлээ” зэрэг этгээд дуунууд ч олон бий. Эдгээр гайхалтай дууны үгээр дуучин хүн тайзан дээр амьдардаг. Тиймээс хөгжмийн зохиолч, яруу найрагч гэдэг маш чухал уран бүтээлчид. Дээрээс нь хөгжмийн найруулга бас чухал гэдгийг хэлэх хэрэгтэй. “Хайрын бурхан 2” дуу маань тун удахгүй цацагдаж эхэлнэ.

-“Хайрын бурхан” дуугаа 20 жилийн дараа дахин дүрсжүүлж байна. Танд ямар сэтгэгдэл төрж байв. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Би агуу цуцашгүй авьяастай хөгжмийн зохиолчоороо их бахархаж байлаа. Тэгээд төгс хөгжмийн зохиолчийн дууг төгс л дуулах ёстой гэж бодсон. Сэтгэлийн үгээ өнгөрсөн төрсөн өдрийн тоглолтын тайзнаа ч хэлсэн.

“Гэнэн залуу нас минь намрын навчис шиг гээгдсэн ч

Гэгээн хүсэл минь намайг орхиогүй

Бүтэн шөнө нойроо хагасласан ч

Бүсгүйн заяадаа гомдоогүй” хэмээн яаж тэгж бидний үеийнхний эмоцийг дуундаа шингээж чадав аа. Тиймээс ч “Би жаргалтай” гэдэг шиг өөрийгөө их азтай дуучин гэж боддог.

Сүүлийн үед “Морин хуур” наадмын шагналт, залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц зохиолчийн хоёр, гурван шинэ дууг дуулж, студид бичүүлж байгаа. Мөн Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, хөгжмийн зохиолч Л.Балхжавын бүтээл “Бурхан эх орон” дууг охин О.Хулантайгаа хамтран дуулсан дуугаа клипжүүллээ. Одоогоор миний хамгийн түрүүнд гарах уран бүтээл бол “Олонхо” хамтлагийн есөн дуунаас бүрдсэн “Олонхо” нэртэй этник цомог. Энэхүү этник цомог нь хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ өнгө аяс оруулах болов уу гэж бодож байна. Энэ бол Сараагийн цомог бус хамтлагийн цомог юм. Энэ цомогтоо СТА Д.Үүрийнтуяатай хамтран “Үзэсгэлэн гоо” дууг дуулсан бол залуу уран бүтээлч Чойжоо буюу Б.Чойжилсүрэнтэй хамтран “Амтат хор” нэртэй дуу дуулсан байгаа. Энэ дууны видео удахгүй гарна.

“Бурхан эх орон” дууг дуулах санааг анх Л.Балхжав гаргасан

-Таны хувьд анх удаа охинтойгоо хамтарч дуулсан уу. Ээжийн авьяас бас бий биз?

-Охиныгоо учиргүй мундаг дуулсан гэж хэлэхгүй ч дажгүй дуулсан шүү. Ерөнхийдөө охин маань дуулвал дуулчихна. Гэхдээ Майкль Жэксоны бага нас шиг тоглолт хийгээд явахыг хүсэхгүй юм шиг байна лээ. Би ч тийм байлгахыг хүсэхгүй. Охин маань дуртай үедээ л дуулахаас биш дуулуулах гэж их гуйлгадаг хүүхэд л дээ.

-Тэгвэл “Бурхан эх орон”дууг дуулах саналыг хэн анх тавьсан юм бэ?

-Хөгжмийн зохиолч Л.Балхжав анх энэ санааг надад хэлсэн юм. Уг нь “Гэгээн алсын одод” наадмын найруулагчид шилдэг оролцогч нэг хүүхдийг надтай дуулуулах байсан. Тэгсэн чинь зуны амралт таарч, хамтран дуулах хүүхэд маань ч олддоггүй. Тэгсэн хөгжмийн зохиолч Л.Балхжав ах “Охинтойгоо дуулчих юм уу” гэсэн. Би ч тухайн үед “Түмний хүүхэд байхад юу гэж өөрийн хүүхдээ дуулуулах вэ. Тэгж арын хаалгадаж болохгүй. Тэглээ ч манай охин дуулж чадах ч юм уу ” гэж бодож байлаа. Гэтэл “Бурхан эх орон” дууг төрийн хүндэтгэлийн концертод дуулна гээд хэлчихсэн байдаг. Цаг хугацаа нь ч ойртоод. Тэгээд л охиноо гуйлаа даа. Миний охин Т.Ариунаа эгчийнхээ дуулдаг хэсгийг л дуулчих тэгэх үү гэсэн. Манай охин “Сонсъё” гэж байна. Тэгээд л дуугаа дуулж, бичүүлсэн дээ. Дуугаа бичүүлэхдээ “Дээшээ өнгө гарахгүй их хэцүү байна” гээд л их уйлсан. Харин дуугаа дуулсныхаа дараа их дуртай болчихсон. Мөн дээрээс нь дуулсан цалин хөлсөө авч байгаа учраас өөрт нь их урамтай байгаа. Сүүлд энэ дууныхаа клипийг хийхээр их сайхан байгальтай ойн цоорхойд зураг авалт хийсэн. Тэгсэн охины маань хөлийг шоргоолж хазсан байсан. Тэгээд бас уйлсан юм байна. Ер нь л их нулимс асгарсан уран бүтээл болсондоо./инээв/

“Хайрын бурхан” дууг сонсоод олон хүн уйлжээ

-Энэ сарын эхээр амьд хөгжмийн “Рэндом” хамтлагтайгаа БНХАУ-д болсон рок фестивальд оролцсон гэж дуулсан. Уг фестивалийн талаар танилцуулах уу?

-Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр “Рэндом” хамтлагтайгаа БНХАУ-ын Чэндү мужийн “China Sichuani province Hong Yani” хэмээх рок фестивальд амжилттай оролцоод ирлээ. Энэ газар нь Түвдэд их ойр байдаг бөгөөд далайн түвшнөөс 3600 метрийн өндөрт байрладаг юм билээ. Тэнд ойролцоогоор нэг сая Түвд иргэн амьдардаг гэж дуулсан. Миний хувьд уг фестивальд нийт найман дуу дуулсан. Эдгээрээс хамгийн топ нь “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” дуу маань байлаа. Харин бусад нь дандаа хурдан хэмнэлтэй “Инээмтгий хүн”, “Тэнэг ялааны дууль” зэрэг рок дуугаа дуулсан юм.

Тоглолтын үеэр үзэгчид дахиуллаа. Дуучин хүний хувьд 20-25 мянган үзэгчдийн өмнө дуулна гэдэг бас л чанга. Зарим хөгжимчдийн маань зүрхний хэмнэл алдагдаж, хүчилтөрөгчийн аппараттай тоглосон. Миний хувьд дуулж байхад тонгойчихмоор санагдах үе ч гарсан. Гэхдээ маш амжилттай оролцсон. Тус мужийн захирагч нь эмэгтэй хүн байдаг юм билээ. Намайг гурван дууны өмнө хүлээж байгаад зургаа авахуулж, тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцсан. Уг рок хөгжмийн зохион байгуулагч нар наадмын тоймыг хийхдээ миний “Хайрын бурхан” дууг албан ёсоор ашиглах эрхийг авсан юм. Миний “Хайрын бурхан” дууг сонсоод маш олон хүн уйлсан гэж сонссон. Тэгэхээр энэ дуу маань маш увидастай юм байна гэж бодож байлаа. Бас энэ дууг хятад хэл дээр дуулах хэрэгтэй гэж бодсон шүү.

-Таны үүсгэн байгуулсан амьд хөгжмийн “Рэндом” хамтлагийн уран бүтээлээс сонирхуулахгүй юу?

-“Рэндом” гэдэг нь хөгжим дээр чөлөөт сонголт гэж байдаг шүү дээ. Дарааллаар явдаггүй. Сонголтоороо явдаг гэсэн утгатай. Тэр нь шиг “Рэндом” хамтлагийн хөгжимчид нь солигдож болно гэсэн үг. Заавал хөгжимчин Ж.Золбоо, Ю.Батпүрэв хөгжим тоглохгүй. Хэрэв Ж.Золбоо ажилтай бол Ц.Байдраг ч тоглоно. Харин дуучин Б.Сарантуяа, Э.Болор-Уянга, Г.Ядамсүрэн нар хэвээрээ дуулна.

-Дуучин Э.Болор-Уянгыг таны дараагийн шавь гэх юм. Энэ үнэн үү?

-Дуучин Э.Болор-Уянгыг “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа анх гаргаж ирсэн шүү дээ. Миний хувьд дуучин Э.Болор-Уянгатай сэтгэл зүрхээрээ дотно байж, тусалж дэмждэг. Миний хуурай дүү гэж хэлж болно. Мөн 2013 оноос хойш манай “Рэндом” хамтлагт дуучнаар ажиллаж байна. Тиймээс дуучин Э.Болор-Уянгын маань дуулах ур чадвар болон урлагийн ертөнцөд хүлээж авч байгаа байдал арай өөр болсон байх гэж бодож байна. Дуучин бүсгүй маань бие даасан тоглолтоо 2015 онд “River sounds” амьд хөгжмийн клубт хийсэн. Өнгөрсөн тавдугаар сард “Энэ миний огторгуйд” хэмээх бие даасан хоёр дахь шинэ цомгоо гаргасан. Би залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллах дуртай. Мөн энэ жилийн “Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцож буй хөдөөний малчин бүсгүй надаас зөвлөгөө авч байгаа. Одоо тэгээд зөвлөгөө өгнө дөө.

Тайзан дээрх 30 жилийг тольдсон номоо хүлээж байна

-Энэ жил таны урлагийн ертөнцөд хөл тавьсан 30 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байна. Гала концертоо ирэх есдүгээр сард хийнэ гэж дуулсан?

-Би 30 жилийн гала тоглолтоо ирэх есдүгээр сард хийхэд болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ энэ ганцхан надаас шалтгаалахгүй гэж бодож байна. Манай рок попын мастеруудаас бас шалтгаална. Дуучин Сараа рок попын ертөнцөд 30 жил уран бүтээл туурвижээ. Энэхүү хүндэтгэлийн тоглолтод маань сэтгэлээсээ хүрэлцэн ирж, Сараагийнхаа баярыг хуваалцах уран бүтээлчдийн маань хуваарь нь хэдийд таарч байна вэ гэдэг л байна. Зарим амьд хөгжмийн хамтлагууд эхнээсээ оролцох зөвшөөрлөө өгөөд явж байгаа. Миний хувьд амьд маш гоё тоглолт болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тоглолтдоо үе үеийн уран бүтээлчдийг оролцуулах болно. Гала концертоо амжвал есдүгээр сард хийнэ. Хэрэв амжихгүй бол аравдугаар сарын сүүлчээр хийх төлөвлөж байна.

-Тайзнаа “амьдарсан” 30 жилийн түүхийг өгүүлэх ном хэзээ бэлэн болох вэ?

-Анх ном бичиж байсан хүмүүс маань 11 дүгээр сард бичээд хоёр, гуравдугаар сард хэвлэлтээс гарчихна гэж тооцоолж байсан. Гэвч эхний номын бичвэр надад болон манай ээжид таалагдаагүй. Тэгээд олон жил найзалсан яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжиндээ хэлсэн. Найз маань маш ажил хэрэгч хандсан. Одоогийн байдлаар миний амьдралын 1992 он дээр явж байгаа гэж өчигдөрхөн утсаар ярьсан. Ном маань ямар байх талаар надад ярих эрх байхгүй.

-Намрын улирал хаяанд иржээ. Таны нэлээд уран бүтээл намрын өнгийг харуулсан байдаг?

-Би дууныхаа зураг авалтыг намрын улиралд хийх дуртай. Миний намрын улиралд хийсэн “Тэр намайг дурсдаг болов уу”, “Сэтгэлд буруугүй” зэрэг уран бүтээлүүдээрээ намрын өнгийг илэрхийлсэн байдаг. Миний хамгийн дуртай зүйл ганцаараа бодолд автан намрын шаргал навчис дунд урт цувтай алхах дуртай. Мөн аравдугаар сар гарсан намрын дулааны өдөр кофе шопт суугаад гудамж руу ширтэн суух сайхан шүү.

Гар утсандаа дуу татах нь хамгийн том хөрөнгө оруулалт

-Сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн тоглолтыг үзэх хүн цөөрчээ. Үүнтэй холбоотойгоор урлагийнхан ч тоглолт хийх нь багассан юм шиг?

-Урлагийнхан уран бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулаагүй цагт бидэнд хэчнээн их хөрөнгө оруулалт хийгээд ч нэмэргүй. Бидний уран бүтээлийн 70 хувь бусдын халаас руу орж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Эрхэм сонсогчдодоо хандаж хэлэхэд хайртай уран бүтээлчид, дуучин, хамтлагаа дэмжихийг хүсвэл үүрэн телефоны дөрвөн операторуудаар дамжуулан дууг нь татах нь , хамгийн том хөрөнгө оруулалт. Мөн цомгийг худалдан авч, тоглолтыг нь үзэснээр санхүүжилт хийж байна гэсэн үг. Нэг үзэгч нэмэгдэхийн тоогоор тухайн уран бүтээлчийн тоглолт амжилттай болох магадлал нэмэгдэх юм. Зарим тохиолдолд уран бүтээлчдийн зохион байгуулалтгүйгээс бие биетэйгээ давхцсан тоглолт хийдэг. Үүнээс болж “Тоглолтын зуд” нүүрлэж, үзэгч цөөн болгодог. Дээрээс нь урлагийнхан маань үзэгч юу хүсч байгааг нь мэдрэхгүй байна. Яг одоо зуны саруудад бол миний 30 жилийн хүндэтгэлийн гала тоглолтыг үзэхээр зааланд гурван цаг сууж үзэх хүн байхгүй шүү дээ.

-Харин цомхон хэмжээнд “VIP” тоглолт хийх болжээ. Энэ нь тал дээр ямар байрь суурьтай байдаг вэ?

-“VIP” тоглолт хийхийн муу тал нь оддын хүршгүй байдал нь буурдаг. Тэр жижиг зааланд тоглохоор уран бүтээлч ч хөгжихгүй. Дуучин хүний хувьд 2-3 мянган хүний өмнө дуулна гэдэг маш том туршлага. Тэр хэрээр уран бүтээлч өөрөө хөгжиж байдаг. Бид жижиг тайзан дээр тоглоод л байвал хөгжихгүй. “Бөхийн өргөө”-нд тоглолт хийхдээ гурван цагийн турш үзэгчдийг уйдаахгүй барина гэдэг тухайн уран бүтээлчийн ур чадвар шүү дээ.

Олимпийн шүүлтийн талаар маргаан үүсгэж байгаа нь ёсзүйгүй санагдсан

-Энэ зун АНУ-руу явсан гэсэн үү. Аялан тоглолтоор явсан уу?

-Ер нь энэ зун би зүгээр байсангүй. АНУ-д байгаа монголчуудад монгол сургууль нээсний 10 жилийн ойд оролцсон. Ерөнхийдөө сүүлийн үед маш хандивын тоглолтод оролцлоо. Манай урлагийн салбарынхан 2000 оноос хойш зуданд нэрвэгдсэн малчдаас эхлүүлээд арлын Япон улсад болсон цунами болон хорт хавдар, ДОХ-ын эсрэг аянд урлагийнхан маш идэвхтэй нэгддэг. Ардын, рок попын, нийтийн зэрэг бүх уран бүтээлчид маань огтхон ч танихгүй хүний амийг аврахаар хөлс хүч, дуу хоолойгоо зориулдаг буянтай улсууд шүү дээ.

Үүнийг манайхан төдийлөн анзаарахгүй байх шиг байна. Энд эх орондоо өвчин шаналалд нэрвэгдсэн, нас хайрлахыг хүссэн хүмүүсийн хандивын тоглолтод өдөр, шөнөгүй дайчлагддаг. Энэ удаа би явахгүй бол дараагийн удаа явна шүү дээ. Харин энэ олон хандивын тоглолтын цэгцлэх хэрэгтэй байна. “Манай нэг найз бөөрөө солих гэсэн юм. Та дуулаад өгөөч” гэх тохиолдол ч бий. Үнэхээр тусламж үзүүлэх шаардлагатай иргэдийг хянаж, уран бүтээлчидтэй холбож өгөх хэрэгтэй байна. Бидний хандивын тоглолтод хувь нэмрээ оруулсан гэх ямар ч бичиг баримт байдаггүй. Энэ хүн 4-5 сая төгрөгний тоглолт хийсэн гээд сертифекат олгох хэрэгтэй.

-Саяхан болж өнгөрсөн “Рио-2016” олимпийн наадам үзсэн үү. МУГТ Г.Мандахнарангийн ялагдлын талаар хүмүүс янз бүрийн байр сууринаас хандах юм?

-Манай тамирчид чансаатай ялагдаж сурмаар байна. Эр хүн шүү дээ. Эмэгтэй тамирчид нь олон юм ярихгүй байхад эрэгтэй тамирчин нь олон юм яриад л. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шүү дээ. Би олон тэмцээн уралдаанд ялагдаж үзсэн хүн. Аливаа нэг тэмцээнд илт давуу байдлаар ялах хэрэгтэй. Үүнээс сургамж авах хэрэгтэй. Олимпийн шүүгчдийн шүүлт дээр маргалдаж байгаа нь ёсзүйгүй санагдсан. Хэн нэгэн энэ асуудлыг санаатайгаар дэвэргээд ч байгаа юм шиг. Манай орны ахмад тамирчид 1960, 1970-аад оны үед буруу шүүлтээр дээрэлхүүлээд явж л байсан байх. Тэглээ гээд Х.Баянмөнх аварга “Монгол орноо дээрэлхүүлсэн” гэж ярьдаггүй л байсан. Ахмад үеэсээ суралцах ёстой байх. Олимп гэдэг чинь өнөөдөр эхлээгүй олон улсын наадам шүү дээ.

Хүү Б.Эрхэмбилэг маань өөрөө мэргэжлээ сонгосон

-Таны хүү Б.Эрхэмбилэг өнгөрсөн хавар сургуулиа төгссөн. Хүүгээ ямар мэргэжилтэй хүн болгох вэ?

-Манай хүү энэ жил оюутан болж байгаа. Хүү маань Олон улсын харилцаа, бизнесийн удирлагын ангид суралцахаар өөрөө сонголтоо хийсэн. Гэхдээ ямар сургуульд орсныг нь хэлэхгүй. Ямар ч байсан монголын их, дээд сургуулиудын нэгэнд нь суралцана. Хүү маань ямар ч арын хаалгагүйгээр өөрийн бор зүрхээрээ өдөржингөө оочерлож, сургуульдаа бүртгүүлсэн. Ер нь хүүхдүүд өөрийн сонголтоо өөрөө хийх ёстой. Гэхдээ мэдээж сонголт хийхэд нь ээж нь туслах үүрэгтэй. Манай дунд охин маань хуульч мэргэжилтэй болно гэсэн .Тиймээс би одооноос эхлэн амжилттай ажиллаж буй хуульч нартай уулзуулж, туршлагаас нь судлуулъя гэж бодож байгаа.

-Сайн ээж байхын хажуугаар өөртөө хэр цаг гаргадаг вэ. Энэ зун хаана амарсныг тань сонирхож болох уу?

-Ер нь хүүхдийнхээ төлөө гүйхийн хажуугаар өөрийгөө мартаж болохгүй. Монголын үзэсгэлэнт газраар жил бүр аялах дуртай. Би энэ зун “Аварга тосон” сувилалд гэр бүлтэйгээ амарсан. Миний хувьд усанд сэлэх маш дуртай учраас нуурын усанд сэллээ. Тэнд гуравхан хоног амарсан учраас дахин тухтай амрах байх. Ард иргэд маань байгалиа хайрлаад, хогоо хүртэл хаяхаа больсон нь ажиглагдсан. Би монголынхоо уламжлал болсон амралт, сувиллын газруудаар хүмүүс дунд амрах дуртай. Хүмүүс ч нэг үеэ бодввол аливаад их соёлтой ханддаг болжээ. Ээжтэйгээ хамт явж байхад нь танихгүй хүн зургаа авахуулъя гэхээр манай охин их эмзэглэдэг юм шиг байна лээ. Тийм учраас би заримдаа “Монгол уужим юм чинь дараа таарах байлгүй дээ” гэдэг. Энэ бас л олны танил хүмүүсийн гаргах ёстой тэвчээр шүү.

Хүүхдүүд их хурдан өсдөг юм билээ. Би одоо аз жаргалтай байна. Хүүхдүүдийг маань өсгөхөд ээж, ах, эгч нар маань болон олон асрагч, найз нөхөд минь тусалсан. Мөн уран бүтээлээ хийхэд ивээн тэтгэж байдаг продюссерууддаа баярлаж явдаг. Ард түмнийхээ хайртай уран бүтээлч боллоо. Ер нь энэ л аз жаргал юм биш үү.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.