BBC: Чингис хааны бунхан яагаад олддоггүй вэ


Энэ сарын 19-ний өдөр “BBC” агентлагийн аяллын буланд тус агентлагийн сэтгүүлч Эрин Крейгийн бичсэн “Чингис хааны бунхан олдоогүйн учир” гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг хүргэж байна.

-ЧИНГИС ХААНЫ БУНХНЫГ ОЛВОЛ ХАРААЛ ХҮРНЭ ГЭЖ ҮЗДЭГ-

Монголын их эзэнт гүрний хаан Чингисийн бунхан өдгөө хаана хадгалагдан буй нь нууц хэвээр байна. Хэрэв Их эзний бунхан өдгөө олдох юм бол дэлхийг байлдан дагуулж асан Их Монгол улсын олон нууцыг нээж өгч болох ч монголчууд их хааныхаа онгоныг нууц хэвээр нь үлдээхийг хүсдэг аж.

Нэгэн цагт Чингис хаан Номхон далайгаас Каспийн тэнгисийн хоорондох хуурай газрын бүх зүйлсийг эрхшээлдээ авч байсан бөгөөд тэр бүхий л нууцаа өөрийн бунхандаа хадгалан авч үлджээ.

Тухайн үед Чингис хааныг өөд болоход гашуудаж эмгэнэсэн албатууд нь эх нутагт нь онголсон гэдэг бөгөөд хүрэх замыг нь нуун далдлаж, өдгөө ч үл мэдэгдэх юм. Түүхэнд бичсэнээр, түүнийг эцсийн замд үдэхдээ цэргүүд нь мянган мориор онгоны чулуу, тэмдгүүдийг дэвслэж орхисон гэдэг.

Түүнээс хойш гадаадын олон судлаач, шинжээчид бунхныг нь олох гэж түүхэн баримтууд, ховор ном товхимлуудыг судалж, олон жилээр Монголын хээр талаар хэсүүчилж, цаашлаад сансрын хиймэл дагуул хүртэл ашиглан зураг авч хайлт хийсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Монголчууд өөрсдөө их хааныхаа бунхныг төдийлөн хайгаад байдаггүй, энэ шалтгааныг нь гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хараалтай холбон тайлбарласан байх нь элбэг. Хэрэв их хааны бунхныг олвол дэлхийн төгсгөл ирнэ хэмээн үздэг мухар сүсэгтэй холбоотой байдаг аж. Ийм үйл явдал 1941 онд ЗХУ-ын археологичид XIV зууны Тамерлан хааны бунхныг олж нээснээр болсон гэж үздэг. Тодруулбал, Турк Монгол улсыг удирдаж байсан энэ хааны бунхныг олж нээсний дараа Герман улсын цэргүүд ЗХУ руу дайрч, дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн хэмээн үздэг домогтой холбон тайлбарладаг юм.

Харин надад орчуулагч хийж явсан, Олон улсын харилцааны мэргэжлээр Буриад улсын их сургуулийг төгссөн Өүлэн үүнээс өөр бодолтой байлаа. Тэрээр монголчууд Чингис хааны бунхныг хайдаггүй нь дээрхийн адил ямар нэгэн хараалтай холбоотой биш, харин Их эзэн хаанаа хүндлэж буйтай холбоотой хэмээн тайлбарласан юм.

Өүлэн хэлэхдээ “Чингис хаан өөрийн бунханг нууцлахыг хүссэн. Түүний албатууд буюу бидний өвөг дээдэс Их эзэн хааны хүслийг ёсоор болгохын тулд маш их зүтгэл гаргасан. Хэрэв бид булшийг эрэх аваас энэ нь Их эзэн хааныхаа захиасыг умартсан хэрэг болно” хэмээн ярьсан юм.

chinggis

-ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫ ЭРЭЛ-

Доктор Д.Эрдэнэбаатар бол энэхүү археологийн ажлын багийн эрэл хайгуулд хүчээ зарцуулж яваа судлаач бөгөөд тэрээр Монгол улсын Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Өмнө нь тэрээр Чингис хааны бунхныг хайх экспедицийн багт ажиллаж байсан удаатай. 

Энэ удаа орчуулагч Өүлэн бид хоёр Чингис хааны бунхны талаар мэдээлэл авахаар доктор Д.Эрдэнэбаатартай уулзлаа. Тэрээр Эртний Хүннүчүүд бол Монголчуудын өвөг дээдэс хэмээн үздэг бөгөөд Чингис хаан өөрөө ч бас ийм бодолтой байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн аж. Иймд Хүннүгийн хаадуудыг оршуулсан ёслол Чингис хааныхтай ижил байх магадлалтай хэмээн үзэж Д.Эрдэнэбаатар уг ажлаа үргэлжлүүлсээр байна.

Хүннү улсын хаадыг газрын гадаргаас 20 м гүнд оршуулдаг байсан ба бунхны дээр дөрвөлжин чулуугаар тэмдэг тавьдаг байсан гэх. Д.Эрдэнэбаатар анхныхаа бунхныг малтахад 10 жилийг зарцуулсан боловч бунхныг түүнээс өмнө хэдийнэ тоносон байсан аж. Гэсэн ч дотроос нь хятад хөсөг тэрэг, Ромын аяга, таваг зэрэг олон төрлийн үнэт олдвор олдсон тухай бидэнд хуучиллаа. Энэ бол гадаадынхны ашиг сонирхол хүчтэй байдгийн бас нэг шалтгаан биз.

Мөн тэрээр “Энэхүү булш нь Чингис хааны бунхныг олоход ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүнтэй тун адилхан хэлбэр, загвартай байгаа гэдэгт ч итгэлтэй байна” хэмээлээ.  Ямар нэг тамгалж үлдээсэн дөрвөлжин чулуугүй, газрын гадаргаас 20 метрийн гүнд байршуулсан бол Монгол шиг уудам тал нутагтай газраас Чингисийн онгоныг олно гэдэг бараг л боломжгүй зүйл гэж хэлж болно.

Би Д.Эрдэнэбаатараас Чингис хааны бунхан олдох болов уу гэж асуутал тэрээр түүх хэтэрхий агуу тул миний нас үүнд хүрэлцэхгүй хэмээн хариулт өгсөн юм.

Харин XIII зууны Их Монгол улсын түүхээр мэргэшсэн Улаанбаатар их сургуулийн түүхийн профессор С.Цолмон, “Бурхан Халдун бол ариун дагшин уул болохоор Чингис хааныг тэнд оршуулсан гэсэн үг биш” хэмээн ярив. С.Цолмон бид хоёр даанч Бурхан Халдун ууланд гарч чадахгүй нь харамсалтай. Учир нь энэ ариун ууланд эмэгтэй хүн гарахыг хориглодог аж.

Гэтэл нөгөө талаар этнологич С.Бадамханд түүхэнд Монголд Бурхан Халдун нэртэй таван ч уул байсныг олж тогтоосон байх юм. Эрдэмтэд Чингис хааны бунхны байрлалыг тогтоохын тулд түүхийг нэгд нэгэнгүй судалж байна. Гэсэн хэдий ч тэдний хувилбарууд хоорондоо зөрчилдөнө. Тэмдэг мөр үлдээхгүйн тулд 1000 мориор дээгүүр нь давхисан гэхээр онгон хээр талд байх магадлалтайг харуулж байгаа ч Чингис хааны хүсэл уул руу хөтөлж байх жишээтэй.

Нэг үе энэ уулын ойр орчмын газарт энгийн иргэдийг нэвтрэхийг хориглож зөвхөн дээдсийн гэр бүлүүдэд л зөвшөөрдөг байсан түүх бий. “Их хориг” хэмээн нэрлэгдэж байсан энэ газар нь одоо Хан Хэнтийн дархан цаазат газар байхаас гадна ЮНЕСКО-гийн дэлхийн өв газрын жагсаалтад бүртгэлтэй болсон юм. Иймд судлаачдын хувьд Бурхан Халдун уулыг судлах боломж нь хязгаарлагдаж, Чингис хааны булшны байршил ч оньсого хэвээр үлдсэн юм.

Б.ГЭРЭЛ

chinggis

chinggis

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.