Ганжуур судлаач олон улсын эрдэмтэд Монголд чуулна


“Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын эрдэмтдийн хурал долоодугаар сарын 20-ны өдрийн өглөө ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхим /СТӨ “Г”корпус давхар/-д болно.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран  зохион байгуулж байгаа олон улсын хуралд Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа оролцон, чуулж байгаагаараа онцлог юм. Хурлыг Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран оролцож байна.

Олон улсын хуралд ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Польш, Япон, Казахстан, Унгар, Чех, ИБУИНВУ зэрэг орнуудын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцож, судалгааны шинэ үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах юм байна. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг аж. Энэхүү хосгүй үнэт өв нь 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болох тухай түүхчид онцолжээ.

Бурхан шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бичиж урлаж байжээ. Олон улсын хурлын хүрээнд долоодугаар сарын 21-ний Үндэсний номын санд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүд дэлгэгдэнэ.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.