БНХАУ-ын уршгаар Тайвань дахин нэг түншээ алдлаа


Панамын Гадаад Хэргийн сайд Изабель де Сен-Мало болон Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И нар дипломат харилцаа тогтоох тухай хамтын гэрээн дээр гарын үсэг зурах хэвлэлийн бага хурлын үеэр хундага тулгаж байгаа нь

Тайванийг олон улсын тавцанд ганцаардуулах Хятадын бодлого амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, өчигдөр /6-р сарын 13/ Хятад, Панама хоёр улсын үзэглэсэн хамтын гэрээгээр Панама улс Тайваньтай цаашид явуулах албан ёсны бүхий л харилцаагаа цуцлахаар болжээ.

Хөлөг онгоц байнга сүлжилдэх Панамын хоолойн эх орон Панам улсаас энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй боловч ерөнхийлөгч Хуан Карлос Варела хэлэхдээ “Энэ бол бидний хувьд хийж болох хамгийн зөв алхам байсан” гэжээ. Учир нь тус улсад Хятадын зүгээс олон талаар хөрөнгө оруулалт хийдэг байна.

Ийнхүү Панама Тайванийг орхисноор тус улс Өмнөд Америк болон Карибын тэнгисийн жижиг орнуудаас бүрдэх 20 улстай албан ёсны дипломат харилцаатай үлдэж байгаа юм. Тайванийн Гадаад Хэргийн сайд Дэвид Ли энэхүү явдалд ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлээд юуны өмнө эх газрын Хятадыг буруутгажээ.

Тэрбээр “Хятад эцсийн мөч хүртлээ Тайваний газар нутгийг өөрийн болгохоор санаархаж байна. Энэ нь эдийн засгийн хувьд маш их ашигтай юм. Тиймээс шаардлагатай гэж үзвэл Хятад хүч хэрэглэхэд ч бэлэн байгаа. Энэ нь Тайвань руу чиглүүлсэн пуужингаас ч харагддаг” гэсэн юм.

Хятад, Тайвань хоёр улс 1949 онд Хятадын газар нутагт олон жил үргэжилсэн иргэний дайн коммунист намын ялалтаар өндөрлөх хүртэл нэгдмэл нэгэн улс байв. Ийнхүү эх нутгаасаа дүрвэсэн хөрөнгөтөн ангийнхан өдгөөгийн Тайвань улсыг байгуулснаар нэг үндэстэн хоёр тусдаа засаглах болсон юм.

Хэдий тийм ч Тайвань өнөөдрийг хүртэл хэл, соёлын өвөө хадгалж үлдсэн бөгөөд өнөөдөр эх газрын Хятадад өргөн тархсан төв “мандарин” аялгуугаар ярьдаг байна. 1971 онд НҮБ-ын Ерөнхий Зөвлөлөөс БНХАУ-ыг нийт хятад үндэстнийг төлөөлөх цор ганц тусгаар улс гэж хүлээн зөвшөөрнө хэмээх удирдамжийг гаргаснаар Тайвань НҮБ-ын орнуудын жагсаалтаас хасагдсан юм.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.