Бангладешт хөрсний нуралтын улмаас 133 хүн амиа алджээ


Бангладеш улсад даваа гаригын өглөөнөөс цутгасан усан борооны улмаас тус улсын зүүн өмнөд хэсгийн гурван нутагт хөрсний нуралт үүсч онц хэмжээний хохирол учруулаад байгаа аж. Одоогийн байдлаар нийт гурван дүүрэгт 133 хүн амиа алдаж, олон тооны хүмүүс бэртэж гэмтсэн талаар албаны эх сурвалжаас мэдээлжээ.

Хүний амь нас хамгийн ихээр хохирсон Рангамати уулархаг дүүрэгт аврах албаныхан нурсан шавар доороос 98 хүний цогцсыг гаргаж ирсэн бол Читтагонг хотын боомтноос 29, зэргэлдээх Бандарбан дүүргээс зургаан хүний цогцсыг илрүүлээд байна. Мөн армийн хоёр цэрэг аврах ажиллагаанд оролцож байх үеэрээ лаг шаварт шигдэн амиа алджээ.

Бангладешийн Байгалийн гамшигтай тэмцэх албаны дарга Реаз Ахмедын мэдэгдэж байгаагаар байгалийн гамшиг тохиолдсон даруйд буюу өнгөрсөн шөнөөс /6-р сарын 12/ эхлүүлсэн аврах ажиллагаа одоо ч үргэжилсээр байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагтай байна гэжээ. Учир нь сураггүй алга болсон олон хүний амьд эсэхийг магадлах аргагүй байгаа аж.

Тэрбээр “Цэрэг арми, гал унтраах анги, иргэний хамгааллын алба, цагдаагийн байгууллага, орон нутгийн сайн дурынхнаас бүрдсэн бие бүрэлдэхүүн аврах ажиллагаа явуулж байна. Рангамати болон Бандарбан дүүргүүдээс 2300 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлснээс Рангамати дүүргийн гэмтэж бэртсэн 77 хүнийг эмнэлэгт хүргэлээ. Цаашид  ч илүү олон хүний амь насыг аврах итгэл найдвараар эрлээ үргэлжлүүлж байна” хэмээн CNN-д өгүүлжээ.

Мөн хөрсний нуралтаас үүдэн аврах ажиллагаа явуулж, холбооны хэрэгсэл ашиглахад хүндрэл учирсаар байгаа талаар тэр хэлсэн байна. Тухайлбал тус улсад хэмжээгээрээ хоёрдугаарт орох Читтангонг хотын олон дүүрэг усанд автаж оршин суугчид нь бүсэлхийгээр татсан усанд туучиж байгаа бол Рангамати дүүргийн 1000 гаруй байшин барилга хөрсний нуралтад өртсөнөөс ихэнх нь лаг шаварт бүрэн хучигджээ. Байгалийн гамшиг тохиолдох үед тэдгээр байшинд олон хүн унтаж байсан нь аврагчдын санааг зовоосоор байна.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.