Чингис хааны үеэс гаралтай “Данс хараа-өв соёл”- үүдээ нээлээ


“Данс хараа-өв соёл” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн зургаадугаар сарын 5-ны өдөр Монголын үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ.

Монголын түүхэн архивын үзэсгэлэнг орчин цагийн архивын албаны туулж өнгөрүүлсэн түүхийн тэмдэглэлт 90 жилийн ойг тохиолдуулан Архивын Ерөнхий газраас зохион байгуулж байна.Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнгийн нээлтэнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын төлөөлөл болон Архивын ерөнхий газрын дарга Д.Хоролдамба болон Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, түүхч, эрдэмтэн, ахмад архивч Г.Норовсамбуу нар оролцлоо.

Д.Хоролдамба нээлтийн үгэндээ “Зургаадугаар сарын 9-нд болох Дэлхийн архивын өдрийг угтаж Үндэсний төв архивын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивуудын сан, зураг төслийн баримтын архив, улс төрийн нам олон нийтийн байгууллагуудын баримтын архив, хөмрөгт хадгалагдаж буй баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноны 150 гаруй хосгүй үнэт баримтыг дээжлэн энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх юм. 

Эрдэмтэн мэргэд ээ, үзэгч олон та бүхэнд энэ үзэсгэлэнгээс Монголд төдийгүй Дорно дахины нэрт соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн, шашин, соёл урлагийн гарамгай зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын аравнайлж, шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамга, Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл, Дөрвөдийн Далай хан Түмэндэлгэржавын Богд хаант Монгол Улсад дагаар орохыг хүсэж айлтгасан өргөх бичиг, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид Хаант Орос улсад айлчилсан сонирхол татсан зэрэг үнэтэй баримтуудтай танилцах боломжуудыг олгож байгаадаа баяртай байна.” хэмээн хэллээ.

Дараа нь Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, түүхч, эрдэмтэн, ахмад архивч, Г.Норовсамбуу хэлэхдээ “Монголын түүхэн чухал баримт бичгүүдийг харуулсан үзэсгэлэн гаргаж байгаа Архивын удирдлага, хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.Чингис хаан монгол бичгийг крилл бичиг болгоход үндсийг тавьж, мөн анх архивыг үндэслэн байгуулсан хүн юм. Жишээ нь, цагаан цаасан дээр хөх өнгөөр бичиж дэвтэрлэж, үүнийгээ ургийн овогт хадгалахдаа егүүтгэж болохгүй гэсэн сургаал нь Монголын төрийн албан хэрэг, архивын үндсийг байгуулах гол удирдлага болсон. Чингис хаан өөрийнхөө эрдэмтэй, итгэлтэй шилдэг хүмүүсийг бэлтгэж, тэднийг албан хэргийг зохион байгуулахад томилдог уламжлалтай байсан. Тэднээс дурдвал, Татаарын Шихихутаг, Кидан улсын Елюй Чуцай нарын алдартай бичигтнүүд 13-р зууны үеийн төрийн албан хэргийг зохион байгуулж удирдаж байсан түүхтэй.” гэж Монголын түүхээс тодотгосон юм.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, XX зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх үед хамаарах 100 гаруй жилийн архивын албаны хөгжлийн түүхэн тойм, түүнчлэн олон нийтэд тэр бүр дэлгэн харуулаагүй ховор чухал данс хараа, бичгийн өв соёлын дурсгал тавигджээ. Тухайлбал: Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын Очирбат Түшээт ханы тамга, МАН-ын Анхдугаар их хурлын тэмдэглэл, БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын хүснэгт, Мэгжид Жанрайсаг сүмийн байрын Улсын архивын газарт шилжүүлсэн хоёр талын гэрээ, уг сүмийг засварлах схем, засварлах ажлын гэрээ зэрэг ховор чухал баримтууд багтаж байна. Мөн архив, албан хэрэг хөтлөлтөнд хэрэглэгдэж байсан тамга, тэмдэг, гэрэл зургийн хальс унших техник, ахмад архивчдын хэрэглэж байсан эд зүйлс, гарын авлага ном товхимол зэргийг шилэн хоргонд хийж тавьсан байлаа.

1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлаар тус хүрээлэнд хадгалагдаж буй өмнөх үеийн данс харааг эрхлэх нэг хүний орон тоог бий болгож байжээ. Энэ нь Монгол улсад орчин цагийн архивын албаны түүхийг бичиглэж, он цагийг эхлүүлсэн түүхэн чухал үйл явдал гэж зүй ёсоор үздэг юм байна.

 “Данс хараа-өв соёл” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн нь 06 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзүүлэх аж.

 

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.