Украйн ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хоригоо зарлав


Энэ  сарын 16-ны өдөр Украйн ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хоригоо зарлалаа.

Тодруулбал ОХУ-ын томоохон олон нийтийн сүлжээ “ВКонтакте”, “Одноклассники”, “Mail.Ru”, “Яндекс” хайлтын систем, “Касперский” антивирусын программ тэргүүтэй хэд хэдэн сүлжээг Украйн улсын нутаг дэвсгэр дээр ашиглахыг хориглолоо.
 
Энэ тухай мэдээллийг Украйн улсын Ерөнхийлөгч В.Порошенко өөрийн “ВКонтакте” цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр “Украйнд дэлгэрсэн Оросын олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зогсоох нь Украйны ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй үйлдэл юм” гэжээ.
 
Энэхүү хоригийн төслийг Украйн улсын Ерөнхийлөгч В.Порошенко 48 цагийн дотор баталсан бөгөөд энэ сардаа багтаж хүчин төгөлдөр болох ажээ.
 
ОХУ-ын олон нийтийн сүлжээг Украйны нийт хүн амын 60 хувь буюу 26 сая хүн хэрэглэдэг. Өдөрт 13 сая хүн “ВКонтакте”, 5 сая хүн “Одноклассники”, 11 сая хүн “Яндекс” хайлтын системийг ашигладаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Энэхүү хоригийн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков “Энэ бол маш алсын хараагүй шийдвэр. Украйны дайсагнал үргэлжилсээр байна. Мэдээж бид хариу арга хэмжээ авна” хэмээв.
 
Дашрамд дурдахад Украйны Оросын эсрэг авч буй хоригийн жагсаалтад ОХУ-ын улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, сэтгүүлчид гээд 2000 гаруй хүн түүнчлэн 500 гаруй байгууллага, хуулийн этгээд багтаж байгаа аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.