Бичээс төслийн баг Чинхай балгасыг олж, бурхны шашны түшиц газар гэж тогтоолоо


Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг энэ сарын 27-ний өдөр МОНЦАМЭ агентагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар Монголын Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн олон улсын төслийн зохицуулагч А.Очир, Япон Улсын Рюкокү их сургуулийн Утга зохиолын салбарын профессор Хитоши Мүраока, тус сургуулийн Тариалан аж ахуйн салбарын багш  Юүко Наката, Япон Улсын Отани их сургуулийн Утга зохиолын салбарын профессорТакаши Мацүкава, Япон Улсын Элчин сайдын яамны Соёл, Боловсролын хэлтсийн дарга Кейго Ямамото, ШУТИС-ийн дэд профессор Л.Эрдэнэболд нар  судалгаагаа “Торгоны зам бол бурхны шашин дэлгэрсэн зам бас мөн “ гэж тодотголоо.

Тус багийнхан Чингис хааны цэргийн түшиц газар Чинхай балгаснаас шавар бурхан шинээр илэрсэн тухай мэдээлсэн юм. “Бичээс” төслийн судалгааны баг Япон Улсын Рюкокү их сургуулийн санхүүжилтээр 2017 онд хээрийн шинжилгээг үргэлжүүлж, Чинхай балгасны тухайн цогц судалгаанд ахиц дэвшил гаргажээ. Хоёр орны хамтарсан энэхүү багийнхан өнгөрсөн оны  9-р сард Говь-Алтай аймгийн  Шарга сумын Халзан Ширэг хэмээх эртний туурьт малтлага хийсний үр дүнд 13-р зууны үеийн шавар бурхны хөл, гарын хэсгийг шинээр олжээ.

Тэдний ярьж байгаагаар 2001 оноос  хойш тус газарт хамтын судалгааг хэрэгжүүлж, уг балгасыг Чингис хааны Төв, Дундад Азид нэвтрэх замын цэргийн түшиц газар Чинхай балгас мөн гэж дүгнэжээ. Энэ газраас бурхны баримал илэрсэн тул Евро-Азийн зүүн-баруун хязгаарыг холбож, бурхан шашны нэвтэрсэн замд мөн шашны түшиц газар байжээ гэдгийг шинээр бататгаж байгаа юм. Япон Улсын Рюкокү их сургуулийн санхүүжилтээр 2017 онд хээрийн шинжилгээг үргэлжлүүлж, Чинхай балгасны тухай цогц судалгааг урагшлуулж, ахиц гаргажээ.

Чинхай балгас нь Чингис хааны 1212 онд түшмэл Чинхайд зарлиг болгож, Баруун  монголын Алтайн нуруунд байгуулсан цэргийн түшиц хот юм байна. Энэ нь цэргийн зам харилцааны том бааз байжээ. Харин Чинхай балгас хаана оршиж байсан тухай тодорхой заасан баримт бичиг байхгүй байсан аж. Харин ганцхан Хятадын бомбын шашны удирдагч Чанчүн Чингис хааны урилгаар Дундад Азид жуулчилсан тэмдэглэлд энэ тухай дурдсан байжээ.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.