Жонни Депп алдагдалд оров


Холливүүдийн од жүжигчин Жонни Депп санхүүгийнх нь асуудлыг хариуцаж байсан компанийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр шүүхэд өгчээ. Үүний хариуд "Management Group" компанийн төлөөлөгч хэлэхдээ "асуудлын учир нь бидэнд байгаа юм биш, харин сард 2 сая орчим доллар зарцуулдаг, мөнгийг үрэн таран хийдэг зуршилтай Депп-д өөрт нь байгаа юм" гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчдийн ярьснаар, жүжигчин 14 байр худалдаж авахад 75 сая гаруй доллар зарцуулсан төдийгүй зохиолч Хантер Стоктон Томпсоны оршуулгын ёслолыг зохион байгуулахдаа тусгай захиалгаар үйлдвэрлэсэн их буугаар түүний чандрыг буудан цацахад 3 сая доллар зарцуулсан аж.

“Карибын тэнгисийн дээрэмчид” олон ангит цуврал кинонд ахмад Жек Воробьягийн дүрд тоглосон жүжигчин Жонни Депп "Management Group" компаниас 25 сая долларыг гаргуулахаар шүүхэд хандсаны дараа тус компани шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээр, Депп одоо тулгараад байгаа санхүүгийн асуудлуудынхаа хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх ёстой ажээ.

“Санхүүгийн асуудал үүсч болзошгүй гэдгийг нэг бус удаа түүнд анхааруулж байсан хэдий ч тэрбээр мөнгөний зарцуулалтаа багасгахаас татгалздаг байсан” гэж сөрөг нэхэмжлэлд дурджээ. Тус компанийн шүүхэд өгсөн баримтуудыг Deadline  цахим хуудсанд нийтэлсэн байна. Тухайлбал; 

18 сая долларыг 45 м урт дарвуулт усан онгоц худалдаж авахад
4 сая долларыг уналтанд орсон хөгжмийн брэндийг худалдаж авахад
3 сая долларыг зохиолч Хантер С. Томпсоны чандрыг их буугаар буудан цацахад
300 мянган долларыг сар тутамд 40 ажилтнаа цалинжуулахад
Сар тутам 200 мянган долларыг хувийн онгоцоороо нисэхэд
Сар тутам 150 мянган долларыг 24 цагийн харуул хамгаалалтанд
Сар тутам 30 мянган долларыг дарс худалдаж авахад тус тус зарцуулж байсан ажээ. 
Мөн тэрбээр Холливүүдтэй холбоотой дурсгалын зүйлсийн цуглуулгаа хадгалдаг 12 агуулахын түрээсэнд бас мөнгө төлдөг гэдгийг Management Group-ын төлөөлөгч дурдсан байна.

Өнгөрсөн сард Депп мэдэгдэхдээ, мөнгө санхүүг нь хариуцаж байсан компани  өөрийг нь 25 сая гаруй долларын өрөнд оруулсан гэж байсан юм. Түүний гаргасан нэхэмжлэлд дурдсаныг үзвэл, бизнес менежерүүд нь татварын мэдүүлгийг хугацаанд нь өгч байгаагүйн улмаас Депп 5,7 сая долларын торгууль төлөхөөс аргагүйд хүрсэн ажээ.

Хэдэн сарын турш үргэлжилсэний эцэст нэгдүгээр сард дууссан Жонни Депп, жүжигчин Эмбер Хёрд хоёрын гэрлэлтээ цуцлуулах дуулиант шүүхийн процессын дараа залгуулаад  "Management Group"-тэй холбоотой энэхүү маргаан дэгдлээ. Энэ онд 53 настай Ж.Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” олон ангит цуврал киноны “Салазарын хонзогнол” гэдэг ангид Жек Воробьягийн дүрээр дэлгэцнээ дахин гарах аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.