“Давос”-ын эргэн тойронд


Швейцарын Давос хотноо энэ сарын 17-20 өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 47 дахь чуулга уулзалт үргэлжиж байна. Уг уулзалтад дэлхийн 50 гаруй орны удирдагч, 300 гаруй сайд, 2600 орчим салбар салбарын эрхмүүд оролцож буй юм. Уулзалтад оролцож буй эрхмүүд олон улсад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц хайдаг билээ.

Удирдагчгүй Давос

 

Энэ жилийн “Давос”-ын уулзалтад дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдлагууд оролцохоос татгалзжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп нар уг уулзалтад оролцоогүй байна.

 Харин Франц, Итали, Испани улсыг төлөөлөн Ерөнхийлөгч нар нь бус Гадаад хэргийн сайдууд тус уулзалтад оролцож буй юм. Давосын уулзалтын үеэр олон дээд хэмжээний уулзалт болж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч гол тоглогчид болох АНУ, ОХУ, Герман, Францын төрийн тэргүүнүүд ирээгүй учир олон асуудал гацсан чигээрээ үлдэж байна.

 Худалдааны дайнд хэн ч ялахгүй 

 Давос хотноо ирсэн БНХАУ-ын анхны удирдагчаар Си Зиньпин тодорч байна.  Тэрбээр чуулга уулзалтын хоёр дахь өдөр олон улсад хандан мэдэгдэл хийсэн билээ. 

Си дарга “Худалдааны дайнд хэн ч ялахгүй” хэмээн олон улсад анхааруулан “Дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд даяаршил түлхэц болж буй. Өнөөдөр олон улсад тулгамдаж буй асуудлууд бол дүрвэгсдийн хямрал, ажилгүйдэл, баян болон хоосны ялгаа газар авч буйтай огт холбоогүй. Харин бидний өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол дэлхийг эдийн засгийн хүндрэлээс гаргах явдал юм гэж мэдэгджээ. Тэрбээр ийнхүү мэдэгдсэнийхээ дараа АНУ-ын шинээр сонгогдоод буй Дональд Трампийг шүүмжилсэн мэдэгдэл хийв. “Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулахыг Трамп уриалсан. Энэ бол буруу. Та эдийн засгийн нээлттэй бодлого баримтлах нь чухал” хэмээн тэрбээр онцолжээ.

Жак Ма илтгэл тавив

 Алибаба цахим сайтын үүсгэн байгуулагч, бизнесмэн Жак Ма “Давос”-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр “Хялбараар ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ?” гэх сэдвээр Давос хотноо чуулсан эрхмүүдэд илтгэл тавив.

 Тэр талархал хүртэх эрхтэй 

Өнгөрсөн оны Нобелийн шагнал хүртсэн Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос  Давосын чуулга уулзалт оролцож байна. Тэрбээр зэвсэгт “Фарк” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулж, 52 жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгавар болгосон юм. Давосын зочид Ерөнхийлөгчийн оролцоог өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ. Иргэний дайны улмаас 250 мянган иргэн амиа алдаж, таван сая иргэн дүрвэсэн байна.

  Америкийг Ж.Байдан төлөөлөв       

 “Давос”-ын уулзалтад АНУ-ыг төлөөлөн Дэд Ерөнхийлөгч Жое Байдан оролцож байна. Тэрбээр маргааш албан ёсоор дараагийн хүндээ эрх мэдлээ шилжүүлэн өгнө. Ж.Байданы бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн дээд хэмжээний уулзалт “Давос”-ын чуулга уулзалт боллоо. Дэд ерөнхийлөгч твиттертээ“Үнэхээр гайхалтай уулзалт болж байна” хэмээн жиргэжээ.

 Гэнэтийн зочин Шакира

 “Давос”-ын чуулга уулзалтад нэрт дуучин Шакира оролцсон нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр энэхүү уулзалтад уран бүтээлчийн хувиар бус НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгчийн хувиар оролцож байна.

 Онцлох эрхэм Мэтт Дэмон

 Холливуудын нэрт жүжигчин Мэтт Дэмон мөн “Давос”-ын уулзалтад оролцсон нь олны анхаарлыг татжээ. Тэрбээр Америкийн бизнес эрхлэгчдийн хамтаар Швейцарь улсад ирсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.